Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын элчин сайдын сахал Солонгосчуудыг бухимдуулж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 1 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Солонгосын хойг нь манай дэлхийн хамгийн их зөрчил хямралтай, халуун цэгүүдийн нэгэнд тооцогддог. Тэгвэл Өмнөд Солонгост суугаа АНУ-ын элчин сайдын сахал бас нэг маргаан үүсгэжээ.

Одоо Сөүлд суугаа АНУ-ын элчин сайд нь тэнгисийн цэргийн адмирал асан Харри Харрис юм. Тэрээр япон эхээс төрсөн Америкийн тэнгисийн хүчний офицерын хүү ажээ.

Саяхан Харрис уруул дээрээ живэр сахал тавьсан нь зарим солонгосчуудын дургүйг хүргэж, сошиал ертөнцөд шүүмжлүүлэх болсон байна.

Учир нь 1910-1945 онд тогтож байсан Японы колоничлолын үед Солонгост томилогдсон найман захирагч генерал бүгд Харристай адил живэр сахалтай байжээ. 

Энэ нь Японы колоничлолын түүхэнд эмзэг ханддаг зарим солонгосчуудад таагүй сэтгэгдэл төрүүлж байгаа гэнэ.

2018 оны зун Сөүлд томилогдож ирсэн 63 настай Харрис саяхан Өмнөд Солонгосын хэвлэлд ярилцлага өгөхдөө сахалны маргааныг хөнджээ.

“Миний сахал зарим хүмүүсийн анхаарлыг татаж байх шиг байна. Ялангуяа сошиал сүлжээнд энэ талаар их шүүмжилж байгаа нь үнэндээ миний япон гарал угсаатай холбоотой гэж би бодож байна” гэж Харрис ярьсан байна.

Тэрээр тэнгисийн цэрэгт 40 жил алба хаахдаа сахлаа огт ургуулж байгаагүй гэнэ. “Би цэргийн амьдралаа дипломатчийн амьдралаас ялгах зорилгоор сахал тавьсан юм. Би өөрчлөгдөхийн тулд өндөр болж чадахгүй, залуу болж чадахгүй. Харин сахлаа ургуулах л миний ганц чадах зүйл байсан юм” гэж тэр хошигножээ.

Харрис бас Өмнөд Солонгост байрлаж буй АНУ-ын цэргийн баазын зардлыг тав дахин нэмэгдүүлэх Дональд Трампын санааг дэмжиж байгаагаа илэрхийлсний төлөө солонгосчуудыг эгдүүцүүлж байв.

Өнгөрсөн оны аравдугаар сард 19 оюутан Харри Харрисын амьдардаг байрны хашааг давж, эсэргүүцлээ илэрхийлэхийг оролдоод цагдаа нарт саатуулагдсан юм.

Японы колоничлолын үед Солонгосын тусгаар тогтнолын төлөө тэмцлийн удирдагчид ч бас живэр сахалтай байсныг хэн ч ярихгүй байгааг хэлсэн  Харрис энэ бүхэн зөвхөн өөрийнх нь гарал угсаатай холбоотой гэж бодож байгаагаа илэрхийлжээ.

“Би бол би. Миний гаргасан шийдвэр бүр Өмнөд Солонгос дахь АНУ-ын элчин сайдын шийдвэр байх болно. Харин Япон гаралтай Америк элчин сайдын шийдвэр биш юм” гэж Харрис хэлсэн байна.

Сахлаа хусах талаар бодож байгаа эсэхийг нь сэтгүүлч асуухад тэр “Манай хоёр орны харилцаанд миний сахал гай болж байгааг надад тайлбарлаж, итгүүлж чадах юм бол хусна” гэж хариулжээ.

 

Эх сурвалж: The Guardian