Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Нямбаатар: Саарал жагсаалтаас гарах ажил нэг алхам хойшиллоо

Т.Саран, iKon.mn
2020 оны 1 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, хамт дагаж өргөн мэдүүлсэн Санхүүгийн зохиоцуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг төслүүдийг хэлэлцэв.

Тэгвэл уг хуралдаанаар дэмжигдээгүй унасан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Харамсалтай нь Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн 18.3 буюу татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийх энэ гэмт хэргийг шинээр хүндрүүлсэн бүрэлдэхүүнтэй томъёолох энэ заалт маань уначихлаа. 

Өөрөөр хэлбэл, Саарал жагсаалтаас гарах, бидний хамгийн гол төлөвлөгөө бол ФАТФ-аас өгсөн зөвлөмжийн хүрээнд Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, татвар төлөхөөс их хэмжээгээр зайлсхийж байгаа буюу 300,000 нэгжтэй тэнцэх хэмжээний татвар ногдох орлогоос зайлсхийж байгаа ААН-үүдийг торгодог тусгай санкцтай болъё гэдэг нэмэлт өөрчлөлт байсан боловч уналаа. 

Бизнес эрхэлж байсан УИХ-ын гишүүд чуулганы танхимд төрийн түшээ биш, хувийн компанийн захирал гэдэг агуулгаар асуудалд хандаж байна. 

2015 онд Монгол Улс Эрүүгийн хуулиндаа хуулийн этгээд эрүүгийн хариуцлага хүлээнэ гэсэн концепц оруулж ирсэн. Энэ бол олон улсын байгууллагуудын шаардлагаар орж ирсэн зүйл. Үй олноор нь устгах зэвсэг үйлдвэрлэж байгаа, хил дамнасан үйлдвэрлэл эрхэлж байгаа, контрбанд хийж байгаа ААН-үүдэд хариуцлага хүлээлгэх, экологийг доройтуулж байгаа ААН-үүдэд хариуцлага хүлээлгэх эрүүгийн эрх зүйн субект нь ААН-үүд болсон. 

Саарал жагсаалтаас гарахын тулд төрийн бүх байгууллага ФАТФ-ын өгсөн зөвлөмжийг биелүүлэхийн төлөө ажиллах ёстой байсан. Өмнө нь бизнес эрхэлж байсан бүх бизнесмэн гишүүд эсрэг санал өглөө. Ингээд Саарал жагсаалтаас гарах ажил нэг алхам хойшиллоо. 

Энэ бол татвар хожимдуулах тухай ойлголт биш, татварынхаа дансыг нууж, 3 тэрбум төгрөгийн орлого олчихоод улсад нэг ч төгрөгийн татвар төлөхгүй байхыг гишүүд хууль ёсны үйлдэл гэж үзэж байгаа хэрэг" гэлээ.