Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын цэргийг нутагтаа байрлуулах зардлын урьдчилгаанд Саудын Араб улс $500 саяыг төлжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 1 сарын 17
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын цэргийг нутагтаа байрлуулах зардалд Саудын Араб улс мөнгө төлж эхлэх гэж байгаа юм.

Эхний ээлжинд тус улсын засгийн газар $500 саяыг төлсөн тухай Вашингтоны албаныхан мэдээлжээ. Уг мөнгийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард төлсөн юм байна. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Fox News сувагт ярихдаа Саудын Араб улс “$1 тэрбумыг урьдчилгаа болгож банкны дансанд байршуулсан” гэж мэдээлж байв.

Одоо Америк цэргийн зардлыг хэрхэн хуваалцах талаар талууд ид хэлэлцээ хийж байгаа юм. Саудын Арабын засгийн газар өмнө нь АНУ-ын цэргийн зардалд мөнгө төлж байсан түүхтэй.

1990-1991 онд үргэлжилсэн Иракийн дайны үеэр Саудын Араб, Кувейт зэрэг Персийн булангийн орнууд нийтдээ $36 тэрбумыг Вашингтонд төлж байжээ.

Иран улсын зүгээс аюул заналхийлэл нэмэгдсэнтэй холбоотой Саудын Арабт АНУ-ын хэдэн мянган цэрэг, пуужингаас хамгаалах систем байрлуулаад байгаа.

2019 оны есдүгээр сард Саудын Арабын газрын тосны байгууламжууд руу Иран улсын зүгээс пуужингийн халдлага үйлдсэний дараа ийм арга хэмжээ авах болсон юм.

 

Эх сурвалж: CNN