Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

"Газрын асуудал шийдэгдвэл жилийн дотор 528 өрхийн хоёр хотхон барихад бэлэн байна"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 1 сарын 17
iKon.MN
 
Гэрэл зургийг Mpa.mn

“Эко эрин үндэсний төсөл” ТББ-аас Монгол Улсын хөгжлийн шинэ үзэл баримтлалыг боловсруулж, орон нутгийг хөгжүүлэх, Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийн асуудлыг шийдвэрлэх төсөл хэрэгжүүлэх тухай өнөөдөр Монгол ньюс мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийлээ.

Дэлхийг экологийн сүйрлээс аврах зорилготой энэхүү төслийг Орос, Монголын зургаан байгууллага хамтарч хэрэгжүүлэх бөгөөд Монгол Улсаас эхлэх нь үр өгөөжтэй гэж үзэж байгаа аж.

"Монгол Улс дэлхийн анхны ногоон хөгжлийн загвар улс болох бүрэн боломжтой"

 
Гэрэл зургийг Mpa.mn

“Эко эрин үндэсний төсөл”-ийн зохицуулагч Ц.Эрдэмт хэлэхдээ “Манай гарагийн экологийн орчин хүндэрч байгаатай холбогдуулан Орос, Монголын зургаан байгууллага хамтарч “Эко технопарк” загварын шинэ хотжилтын сүлжээг дэлхий даяар үүсгэхээр энэхүү төслийг Монгол Улсаас эхэлж байна.

Төслийн хүрээнд Монгол Улсын хүн амын амьжиргааны түвшнийг богино хугацаанд дээшлүүлж, хөгжлийг шинэ шатанд гаргаж, иргэдийг аз жаргалын индексээр дэлхийд тэргүүлэх байрт оруулах бололцоо бий.

Бид эхний ээлжид 528 өрхийн эко хотхоныг бий болгож, цаашлаад бүх аймаг, сумын төвийг "Эко технопарк" хотхонтой болгохыг зорьж байгаа.

Сумын төвүүдэд ийм хотхон баригдсанаар ажлын байр ч бий болж, Улаанбаатар дахь төвлөрөл буурах юм. Ингэснээр иргэдийн аз жаргалын индекс ч мэдээж өснө.

Ирэх тавдугаар сард хотхоны барилгын ажлыг эхлэхээр бэлдэж байна. Газрын асуудал шийдэгдвэл нэг жилийн дотор 528 өрхийн хоёр хотхон барихад бэлэн байна. Хэрвээ эхний хоёр хотхон амжилттай баригдвал 10 жилийн дотор төсөл хэрэгжинэ. Төсөл хэрэгжиснээр Монгол Улс дэлхийн анхны ногоон хөгжлийн загвар улс болох бүрэн боломжтой" гэв.

Мөн тэрбээр "Төслийн хүрээнд цэвэрлэх байгууламжийн асуудлыг шийдэх боломж бий.

Ингэхдээ Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжийг бүрмөсөн байхгүй болгон, орж ирж буй лагийг шууд боловсруулж, хар шороо болгох шинэ үйлдвэр барина.

Өөрөөр хэлбэл, лаг бохирыг экспортод гаргаж болохуйц  супер эко хар шороо болгон хувиргах төсөл бий гэсэн үг. Энэ нь ОХУ-ын 50 шилдэг үндэсний төслийн нэгээр шалгарсан.

Монголд экологийн таатай орчин бүрдсэн учраас эндээс эхлэх нь хамгийн зөв алхам гэж Оросын талаас үзэж байгаа.

“Эко эрин үндэсний төсөл” нь зөвхөн барилгын төсөл биш бөгөөд эко амьдралтай холбоотойгоор бүх салбарыг хамруулсан" гэдгийг нэмж хэлэв.

 
Гэрэл зургийг Mpa.mn

ОХУ-ын Монгол соёл үндэсний төвийн Новосибирск дэх дарга Петров Виктор Алексеевич “Манай төвд маш олон орчин үеийн шинжлэх ухааны төслүүд бий.

Энэхүү “Эко эрин үндэсний төсөл”-ийн хүрээнд бид тэдгээр шинжлэх ухааны төслүүдээ хэрэгжүүлж, Улаанбаатар дахь экологийн орчинг сайжруулахад хамтарч ажиллахад бэлэн байна.  

Бид энэ төсөлд жирийн иргэд, төрийн тус болон төрийн байгууллагуудыг хамтарч ажиллахыг урьж байна" гэв.

 
Гэрэл зургийг Mpa.mn

Түүнчлэн “Бидний төсөл эхний шатандаа байгаа боловч олон улсын хөрөнгө оруулагчид маш их сонирхож байгаагаа илэрхийлж байна. Одоогоор Вьетнам, Итали, Испани, Австрали улсын хөрөнгө оруулалт эхэлсэн байна. Энэ том төслийг бид Монгол Улсаас эхэлж байгаа” гэж ОХУ-ын талаас төсөл хэрэгжүүлэгч байгууллагын төлөөлөл хэлэв.