Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

Ш.Ариунаа: Энэ хуулийн төслүүд батлагдвал иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хязгаарласан хэрэг болно

Б.Билгүүн, iKon.mn
2020 оны 1 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хууль, Мэргэжлийн нэгдсэн холбоодын эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүд УИХ-д өргөн баригдаад буй.

Үндсэн хуулийн хэлэлцүүлэгтэй холбоотойгоор эдгээр хууль хүлээлтийн байдалд байгаа юм. 

Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар тунхагласан иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийн баталгааг хангах, иргэний нийгмийн хөгжлийг дэмжих, ашгийн төлөө бус хуулийн этгээдийн эрх зүйн байдал, үйл ажиллагаатай холбогдсон нийтлэг харилцааг зохицуулахад оршино.

Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн зорилт нь мэргэжлийн нэгдсэн холбооны үйл ажиллагааны зохион байгуулалт, чиг үүрэг, эрх зүйн байдлыг тодорхойлох, төрийн болон бусад төрийн бус байгууллагатай хамтран ажиллах, харилцахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.

Гэвч эдгээр хуулийг нэ хэвээр нь батлагдахыг Иргэний нийгмийн байгууллагууд дэмжих боломжгүй гэдгээ илэрхийлж байгаа юм.

Учир нь тэдний үзэж буйгаар эдгээр хуулийн төсөл батлагдвал монгол хүний эвлэлдэн нэгдэх эрх, эрх чөлөөг хязгаарлаж, иргэний нийгмийн үйл ажиллагааг боомилсон, улмаар төрийн үйл ажиллагаанд иргэдийн дуу хоолой, хяналт сулрах олон эрсдэл дагуулахаар байна гэж Иргэний нийгмийн байгууллагууд үзэж байна. 

Ийнхүү үзэх болсон шалтгаанаа тайлбарлахаар Иргэний нийгмийн 200 гаруй байгууллагуудын төлөөллүүд өнөөдөр сэтгүүлчдэд танилцуулсан юм. 

Иргэний нийгэм гэж хэн бэ?

Онцлог байгууллагууд: Сүм хийд, улс төрийн нам, үйлдвэрчний эвлэл, худалдаа аж үйлдвэрийн танхим, улаан загалмайн байгууллага зэрэг эрх зүйн тусгай зохицуулалттай байгууллага нь иргэний нийгмийн бүрэлдэхүүн хэсэг мөн бөгөөд иргэний нийгмийн байгууллагуудын үндсэн шинж чанарыг өөртөө нэгэн адил агуулна.

Иргэний нийгмийн байгууллагуудын шинж чанар:

  • Сайн дурын үндсэн дээр байгуулагдсан нийтийн ашиг тусад чиглэсэн зорилготой
  • Ашгийн төлөө бус буюу олсон аливаа орлогоосоо ашиг хуваарилдаггүй
  • Нийгэмд эсхүл гишүүддээ үйлчилдэг
  • Тодорхой зохион байгуулалт, өрийн удирдлагын бүтэцтэй
  • Төрөөс хараат бус

Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбооны тэргүүн Ш.Ариунаа "Иргэний нийгмийн байгууллагуудын үндсэн чиг үүрэг бол иргэдийн эрх ашиг, хэрэгцээг төлөөлөн илэрхийлэх, хүний эрхийг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх юм. Үүгээр зогсохгүй төрийн аливаа дарамт, шахалт, нөлөөллөөс ангид байх нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, төрийн үйл ажиллагаанд хяналт тавих зэрэг чиг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үйл ажиллагаагаа шударга үр дүнтэй явуулахад дээрх хуулиуд сөрөг нөлөөтэй. Манай улсад 20,000 орчим төрийн бус байгууллага бий гэх албан бус тоо байдаг.

Хууль нэрийдлээр иргэний нийгмийн эдгээр байгууллагуудын эрхийг хязгаарлаж болохгүй. Хуулийн төслүүдийг буцаах шаардлагын тухайд гэвэл нэгдүгээрт, эвлэлдэн нэгдэх эрхийг хязгаарлах эрсдэлтэй, хоёрт иргэний нийгмийн орон зай, хөгжлийг сааруулж байна. Тодруулбал, яамнаас зөвшөөрсөн тохиолдолд байгуулагдахаар заасан нь эвлэлдэн нэгдэх, хараат бус ажиллах нөхцөлийг хангаагүй.

Мөн бид дараах дүгнэлтийг гаргаад байна.

  • Төрөөс иргэний нийгмийн талаар баримтлах бодлогоо тодорхойлж, батлах
  • Бодлого баталсны дараа эрх зүйн орчныг сайжруулах
  • Мэргэжлийн холбоодын хуулийг дэмжих боломжгүй
  • Олон чиглэлийн ТББ-ын ажлын хэсэг нь Загвар хуулийн үзэл баримтлал дээр ажиллаж байна
  • ИНБ-ууд хоёрдугаар сард ашгийн төлөө бус байгууллагын эрх зүйн орчны талаар олон нийтийн хэлэлцүүлгийн УИХ-ын байнгын хороо, гишүүдийн оролцоотой хийхээр төвөвлөж байна” гэв.