Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/09-НД НИЙТЛЭГДСЭН

"Хэджингээ урт хугацаанд амжилттай хийе гэвэл мэргэжлийн багтай болох ёстой"

Б.Даваабазар, iKon.mn
2020 оны 1 сарын 9
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
"Хэджингээ урт хугацаанд амжилттай хийе гэвэл мэргэжлийн багтай болох ёстой"
Sara, ikon.mn - text to speech

Засгийн газрын ээлжит хуралдаанаар үнэ нь нэмэгдэж буй газрын тосны бүтээгдэхүүнтэй холбоотойгоор шатахууны үнийг тогтворжуулах эрсдлийн хуримтлал бий болгох Хэджинг гэрээ байгуулах эрхийг Уул уурхайн, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарт өгсөн билээ.

Уг гэрээг байгуулснаар АИ92 шатахууны үнэ тогтворжих, улмаар инфляцад дарамтад учрах эрсдлийг бууруулах боломжтой гэдгийг сайд өчигдөр мэдээлэл хийх үеэрээ хэлсэн.

Хэджингийг энгийнээр тайлбарлавал худалдан авах гэж буй бүтээгдэхүүний үнэ цаашид өсөхөөр байвал ирээдүйд бага үнээр худалдан авах гэрээг одоо хийхийг хэлнэ. Гэхдээ хэджинг нь зөвхөн эрсдлийг хамгаалах зорилготой.

Мөн Уул уурхайн, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 9-нд Сингапурын биржийн тухайн өдрийн ханш болох 64 доллар дээр олон улсын хэджинг буюу биржийн нөхцөлөөр шатахуунаа нийлүүлэх зохицуулалтыг анх удаа хийсэн. Цаашдаа үргэлжлээд явна. Долоон сарын хугацаанд шатахууны үнийг зохицуулах гэрээ хийсэн.

Өөрөөр хэлбэл, шатахууны үнэ дэлхийн зах зээлд хэд ч болж байсан дотооддоо жижиглэнгээр 1,830 төгрөгөөр авах боломж бүрдүүлэх зохицуулалтаа хийсэн бөгөөд шатахууны үнэ буурвал  дагаж буухаар зохицуулалт орсон” хэмээсэн.  

Иймд хэджингийг хийхэд анхаарах зүйлсийн талаар эдийн засагч Г.Мөнх-Эрдэнээс тодруулсан юм.

- Та Хэджинг хийх  асуудлыг мэргэжлийн хүний хувьд хэрхэн харж байна вэ? 

-  Өчигдрийн мэдээллүүдээс харвал Хэджингийг хийчихсэн гэж ойлгогдож байна. Тодорхой хэмжээнд нэг алхам урагшилж байгаа нь сайшаалтай ч үүнийг амжилттай хийнэ гэдэг нь цогцолбор ажил. Ялангуяа Брэнт газрын тосны ханшийг зөв таамаглаж байж эерэг үр дүн гарна.

Хэджинг хийж байгаа тохиолдолд зардал төлдөг. Миний тооцоогоор АИ92 шатахууны долоон сарын хугацааны ханшийг хамгийн ихдээ тав зургаан сая ам.доллараар Хэджлэх боломжтой. Хэрвээ ханш өсөхгүй бол энэ мөнгө нь зардал болж гарна. Харин ханш сайн өсвөл эрсдлээ хааж чадна. Тэгэхээр ханшийн таамаглалыг зөв хийх нь маш чухал асуудал.  

- Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамд Хэджингийн асуудлыг бүрэн хариуцуулсан. Таны хэлснээр тэгвэл ханшийг хэн зөв таамаглах магадлалтай бол?

- Америкийн санхүүгийн байгууллага ханшийг зөв таамаглах магадлал илүү өндөр.  Яагаад гэвэл газрын тос чинь Ойрх Дорнод, Америк хоёрын хоорондох тоглолт шүү дээ.   

Манай Засгийн газрын хувьд Сингапурын BDO сантай гэрээ хийсэн гэж байна. Миний судалж үзсэнээр тус сангийн хувьд ханшийг зөв тодорхойлж магадгүй гэсэн Америкийн компаниудаас туршлагаараа бага харагдаж байгаа.

Эхний алхамуудаа зөв хийчихээд дараагийн алхамуудаа зөв хийхгүй бол амжилтад хүрэхгүй. Өөрөөр хэлбэл, Хэджинг хийнэ гэдэг нь зөв боловч хэнтэй хийх, хэнээс зөвлөгөө авах, гэрээн дээрээ юу тусгах гэх мэт зүйлийг санхүүгийн мэргэжилтнүүдийн нарийн оролцоотойгоор хийж байж амжилтад хүрдэг.

Түүнээс биш санхүүгийн зах зээлийн туршлагагүй, арилжааны мэдрэмжгүй байвал дэлхийн захаас ашиг олох нь тийм ч амар ажил биш. Амархан байдаг байсан бол бүх хүн гадаад зах зээл дээр арилжаа хийгээд баяжаад дуусна биз дээ.

Нөгөө талаас юунд санаа зовж байна вэ гэхээр ажил дөнгөж эхэлж байна. Гэрээг буруу байгуулбал өөрсдөө шатаад л дуусна. Тэгэхээр мэргэжлийн багтай байх дэд бүтэц хэрэгтэй. Хэджингийн хороог ерөнхий сайдын дор байгуулъя гэж би өмнө нь ч хэлж байсан. Тус хороонд нь Сангийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Их дээд сургуулиудын эрдэмтэн профессорууд, банкны төлөөлөл болон Тагнуулын ерөнхий газраас хүртэл байх ёстой. Ийм дэд бүтэц байж байж урт хугацаандаа сайн шийдвэр гарч чадна.

Хэджингийн зөв алхамыг нэг институт хийхгүй. Бүр санхүүгийн биш институт хийхгүй. Энэ чинь санхүүгийн зах зээлийн бүтээгдэхүүн.

- Ирээдүйд юу болохыг хэн ч мэдэхгүй шүү дээ?

- Тийм ээ мэдээж мэдэхгүй. Газрын тосны үнэ өсөөд энэ удаа Хэджинг нь амжилттай болохыг үгүйсгэхгүй. Өчигдөр өглөө л 65 ам.доллар байсан ханш 71 ам.доллар болсон. Одоо 66 ам.доллар болоод уначихсан байх жишээтэй.

Зургаан сарын дараа энэ ажил ашигтай байх эсэх нь надад сонин биш. Аз нь таараад ашигтай гарч болно. Гэхдээ дээр хэлсэн дэд бүтэц байж байж урт хугацаандаа сайн шийдвэр гаргаж чадна. Түүнээс биш зургаа, долоон сар хийгээд орхих ажил биш.  Газрын тос импортолдог улс л юм бол байнга Хэджинг хийх ёстой. Тэр баг нь өнөөдөр Монголд алга. Би үүнд л санаа зовж байна.  

- Хэджинг хийсэн гаднын улсуудын ямар жишээ байдаг вэ?

- Герман, Мексик, Уругвай, Ямайка , Шри-Ланка улсуудын Хэджинг хийсэн туршлага байна. Гэхдээ энэ таван улсаас ганцхан Мексик улс л амжилттай Хэджинг хийсэн. Шалтгаан нь магадгүй экспортлогч орон тул ханш өсөхөөс биш унахаас болгоомжилсон байх.

  • Герман улс- буруу санхүүгийн хэрэгсэл ашиглаад бүтэлгүйтсэн /1990 оны үед/
  • Уругвай улс – Дэлхийн банкны тусламжтайгаар Сангийн яам нь Хэджинг хийсэн боловч ханшийн таамаглал буруугаас болж бүтэлгүйтсэн
  • Ямайка улс – АНУ-ын CITY банкаар дамжуулан Засгийн газар нь өөрсдөө Хэджинг хийсэн. Таамаглал буруугаас болж ашиг олж чадаагүй.
  • Шри-Ланка улс- хувийн компани нь банкуудтайгаа хамтраад Хэджинг хийсэн. Гэвч зорилго нь ашиг олоход улайрсан тул бүтэлгүйтсэн.

Нэмж хэлэхэд Хэджингийг буруу хийгээд их зардал гаргавал эрх барьж буй намаа унагаах улс төрийн эрсдэл бас бий.