Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/08-НД НИЙТЛЭГДСЭН

Амьдрал тэтгэх боломжтой хамгийн ойрхон гарагийг NASA илрүүлжээ

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 1 сарын 8
iKon.MN
Зураг зураг

NASA-гийн харь гарагийн эрэлчин хиймэл дагуул TESS (Transiting Exoplanet Survey Satellite) манай дэлхийтэй ойролцоо хэмжээтэй, амьдрал тэтгэх нөхцөлд оршдог гарагийг шинээр илрүүлжээ.

“TOI 700 d” гэж нэрлэсэн гараг нь манай дэлхийгээс ердөө 100 гэрлийн жилийн зайтай оршдог юм.

Харьцуулбал дэлхийд хамгийн ойрхон од болох Proxima Centauri нь дөрвөн гэрлийн жилийн зайтай байдаг. Шинээр нээсэн гарагийн од нь манай нарны 40 хувьтай тэнцэх жижиг хэмжээтэй бөгөөд гадаргын температур нь нарны температурын талтай тэнцүү.

Уг одыг тойрон гурван гараг эргэж байдгийг TESS илрүүлж, тус бүр b,c,d хэмээн нэрлэжээ. Эдгээрээс d гараг нь одноосоо амьдрал тэтгэх хамгийн зохимжтой зайд оршдог байна. Өөрөөр хэлбэл хэт халуун бус, хэт хүйтэн бус уур амьсгалтай тул d гараг дээр шингэн төлөвтэй ус байх боломжтой ажээ.

“TOI 700 d” гараг нь дэлхийгээс 20 орчим хувиар том хэмжээтэй, өөрийн одыг 37 хоногт нэг бүтэн тойрдог. Гэхдээ дэлхийн нарнаас авдаг эрчим хүчний 87 хувьтай тэнцэх эрчим хүчнийг одноосоо авдаг байна.

Одоо эрдэмтэд d гарагийн компьютер загвар дээр үндэслэн атмосферын бүтэц, гадаргын температурыг нь тодорхойлохоор ажиллаж байгаа гэнэ.

D гараг нь манай дэлхийн сартай нэгэн адил од руугаа зөвхөн нэг талаараа харж байрладаг ажээ.

NASA мөн TESS хиймэл дагуул нь анхныхаа хос од бүхий гарагийг нээсэн тухай зарласан байна.

Өөрөөр хэлбэл шинээр нээсэн гараг нь нэг бус, хоёр нарыг зэрэг тойрч эргэдэг ажээ. Гэхдээ уг гараг нь дэлхийгээс 6.9 дахин том буюу Санчир гарагтай ойролцоо хэмжээтэй тул амьдрал орших боломжгүй юм байна.

“TOI 1338 b” гэж нэрлэсэн энэ гараг дэлхийгээс 1,300 гэрлийн жилийн зайд оршдог бөгөөд хос одоо 95 хоногт нэг бүтэн тойрдог. Хоёр од нь бие биенээ 15 хоногт нэг бүтэн тойрдог байна.

Тэдний нэг нь манай нарнаас 10 хувиар илүү том хэмжээтэй бол нөгөө нь нарны гуравны нэгтэй тэнцүү ажээ.

Анхны хос одтой гарагийг (circumbinary) эрдэмтэд 1993 онд нээж байсан бол одоо 20 гаруйг илрүүлээд байна.

 

Эх сурвалж: AFP