Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/03-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд Кэмбриж Аналитика компанийн үйлчилгээг ашигласан байж болзошгүйг мэдээлжээ

Р.Төмөр, ikon.mn
2020 оны 1 сарын 3
iKon.MN
Зураг зураг

2018 оны гуравдугаар сард Британид үйл ажиллагаа явуулдаг, улс төрийн зөвлөх үйлчилгээний Кэмбриж Аналитика компани Фэйсбүүк сошиал сүлжээний 87 сая хэрэглэгчийн хувийн мэдээллийг хууль бус аргаар цуглуулснаа дэлхийн янз бүрийн улс орнуудын сонгуулийн үйл ажиллагаанд ашиглаж байсан нь илэрсэн юм.

Тус компанийн үйл ажиллагаа 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд нөлөөлсөн гэгдэж байгаа. Энэ тухай Нэтфликс компани “The Great Hack” нэртэй баримтат киног өнгөрсөн онд бүтээсэн юм.

Тэгвэл Кэмбриж Аналитика компанийн бизнес хөгжлийн газрын захирал асан Бриттани Кайзер тус компанийн үйл ажиллагаа хэрхэн явагдаж байсан, дэлхийн ямар ямар улсуудын сонгуульд нөлөөлөх үйлчилгээ үзүүлж байсан талаар 2014-өөс 2018 оны баримтуудыг дэлгэж эхэлжээ.

Тэрээр Малайз, Бразил, Кени улсуудын сонгуулийн үйл ажиллагаанд хэрхэн оролцсон талаар баримтуудыг эхний ээлжинд дэлгэн үзүүлсэн байна.

Кэмбриж Аналитика нь дэлхийн 65 улсын сонгуулийн үйл явцад ямар нэг хэмжээгээр оролцсон ажээ.

Сонирхолтой нь тус компаниас ил гарсан дотоод имэйлүүдэд 2017 оны Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөхөөр ажиллаж байсан тухай дурдагджээ.

Өөрөөр хэлбэл Монголын талаас аль нэг нэр дэвшигч нь Кэмбриж Аналитика компанийн үйлчилгээг авч ашиглахаар хандаж байсан бололтой.

Ямар үнэ өртөг төлж, хэрхэн ашигласан тухай мэдээлэл дараа дараагийн задрах баримтуудаас ил болж магадгүй байна.

Одоогоор ил гараад байгаа баримтууд дээр Монгол улсын нэр хэд хэдэн удаа дурдагджээ. Тухайлбал Монголын талд тавих санал бэлэн болсон тухай Кэмбриж Аналитика компанийн удирдлагуудын хоорондоо харилцсан имэйлд өгүүлсэн байна.