Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/30-НД НИЙТЛЭГДСЭН

"Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орсонтой холбогдож Баялгийн сангийн, Улс төрийн намын тухай зэрэг олон хуульд өөрчлөлт орох ёстой"

А.Намуун, iKon.mn
2019 оны 12 сарын 30
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
"Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орсонтой холбогдож Баялгийн сангийн, Улс төрийн намын тухай зэрэг олон хуульд өөрчлөлт орох ёстой"
Sara, ikon.mn - text to speech

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагалдан 30 орчим хуульд нэмэлт, өөрчлөлт орох учиртай. Тэдгээр хуулиудыг боловсруулах, УИХ-аар хэлэлцүүлэх бэлтгэлийг хангах Ажлын хэсгийн хурал Баасан гарагт болсон юм.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан "Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орсонтой холбогдож Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай, Улсын Их Хурлын тухай, Засгийн газрын тухай, Үндэсний баялгийн сангийн тухай, Улс төрийн намын тухай зэрэг олон хуулиудад өөрчлөлт орох ёстой. Тэдгээр хуулиудын жагсаалтыг багтаасан, дараалал, дэг тогтоосон УИХ-ын тогтоолын төслийг ойрын үед бэлтгэх хэрэгтэй байна.

Хуулиудыг хаврын чуулганд багтаан хэлэлцүүлэх нь зүйтэй

Шинэ он гарангуут Тогтоолыг өргөн барьж, хуулиудаа хэлэлцүүлж эхэлье. Хуулиудын төсөл боловсруулах ажилд эрдэмтэн судлаачдыг татан оролцуулах, цаг цаглабар гаргах ажлыг хойшлуулалгүй хийе" гэсэн юм.

Тогтоолын төслийг оны эхээр батлуулж, хуулиудыг хаврын чуулганд багтаан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа Ажлын хэсгийн гишүүд илэрхийллээ. Ажлын хэсгийн дараагийн хуралдааныг өнөөдөр хийхээр товлосон байна. 

 

Ажлын хэсгийн хуралдаанд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан даргалж, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Ажлын дэд хэсгийн гишүүн Н.Лувсанжав, Б.Ламжав, Р.Хатанбаатар, Ц.Товуусүрэн болон УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын албаны ажилтнууд оролцсон юм.