Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/26-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Эрхэмбаатар: Гишүүд Хайнаньд эсвэл Байгал нуурын эрэгт ажлын тайлангаа тавьж байх ч юм билүү

А.Ням-Өлзий, iKon.mn
2019 оны 12 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Баасан гарагт УИХ-аар эцэслэн батлагдсан Сонгуулийн хуулийн талаар хуульч Ж.Эрхэмбаатартай ярилцлаа. 

-Сая батлагдсан сонгуулийн хуулиар авлига, албан тушаалын хэргээр ял шийтгүүлсэн хүн нэр дэвших эрхгүй боллоо. Яагаад энэ заалтыг онцгойлон оруулах болов? 

-Нэгдүгээрт, энэ заалт зөвхөн энэ хуульд орчихсон юм биш.  2005, 2011 оны Сонгуулийн хуулиудад бий. Тухайн үед бүх төрлийн гэмт хэрэг үйлдээд, ял шийтгэл эдэлж байгаа бол, ялтай байх, ялгүйд тооцох хугацаа нь дуусаагүй /Тухайн үеийн Эрүүгийн хуулийн 78.2, 78.3/ бол сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэдэг хязгаарлалтууд байсан. Тиймээс энэ бол шинэ зүйл биш. 

Хоёрдугаарт, Монгол Улс 2005 онд Авлигын эсрэг конвенцод нэгдэн орсон. Уг конвенцын 7 дугаар зүйлийн 2-т конвенцод нэгдэн орсон улс орнууд нийтийн албанд нэр дэвших, сонгох шалгуурыг нийтийн эрх ашгийг хамгаалах, авлигын гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор дотоодын хуульдаа хязгаарлалт тогтоож ажиллана гэсэн үүрэг хүлээдэг. Ийм үүрэг хүлээсэн учраас Сонгуулийн тухай хуульд сонгуульд нэр дэвших буюу сонгогдох эрхийн хязгаарлалт тогтоосон. 

Дараагийн нэг үндэслэл нь сонгох эрхийг хязгаарлаж болохгүй. Энэ бол туйлын эрх. Сонгогч сонгуулийн насанд л хүрсэн байх ёстой. Эрх зүйн чадамж нь хязгаарлагдаагүй, ял шийтгэл эдэлж байгаа биш бол сонгох эрхийг хязгаарлаж болохгүй.

Тэгвэл нь сонгогдох эрхийг хязгаарлаж болох уу? Энэ бол туйлын эрх биш. Өөрөөр хэлбэл, нийтийн эрх ашгийн үүднээс тухайн албан тушаалын онцлог байдлыг харгалзаад зохих шалгууруудыг тогтоож өгдөг. Жишээ нь, Монгол Улсын Үндсэн хуульд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдох иргэн нь 25 нас хүрснээр нээгддэг. Мөн түүнчлэн Сонгуулийн тухай хуульд зохих хязгаарлалтуудыг хийж өгсөн.

Хэрэв анзаарвал УИХ-ын сонгуулийн хуульд “авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгүүлж байгаагүй байх” гэдэг хязгаарлалтаас гадна өөр хязгаарлалтууд ч байгаа. Жишээ нь “нэр дэвшигч нь шүүх, арбитрын шийдвэрээр тогтоосон өр төлбөргүй байх ёстой” гэсэн шалгуур бий. Өмнөх сонгуулийн хуулиудад ч гэмт хэрэгт холбогдсон гэдгээс өөр олон шалгуур байсан. Тухайлбал, өр төлбөргүй байх, цэргийн хугацаат алба хаасан байх гэдэг шалгуур тавьж байсан. Гэх мэтчилэн сонгогдох эрхийг хэрэгжүүлэхтэй холбоотой нийтийн эрх ашгийн үүднээс зохих шаардлагууд тавьж байсан нь шинэ зүйл биш. 

-Харин авлига, албан тушаалын гэмт хэрэгт яллагдагчаар татагдан, мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа бол тухайн хүн сонгуульд нэрээ дэвшүүлэх эрх нь нээлттэй байна гэж ойлгосон? 

-Нээлттэй. Шүүхийн шийдвэр гараад авлига, албан тушаалын гэмт хэрэг гэдэг бүлэгт хамаарах хэргээр ял аваад, тэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон байх ёстой. Сэжигтэн, яллагдагчаар татагдсан, анхан шатны шүүхийн шийдвэр гарчихсан ч уг шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр буюу эцсийн шийдвэр гараагүй байгаа тохиолдолд нэр дэвших эрх нь нээлттэй байгаа. Монгол Улсын Үндсэн хууль шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор гэм буруутай болохыг тогтоохоос өмнө хэнийг ч гэм буруутайд тооцохгүй байх зарчимд нийцүүлж хуульчилсан хэрэг. Хэн нэгнийг гэмт хэрэгт шалгагдаж байгаатай нь холбогдуулж эрхийг нь хязгаарлах үндэслэлгүй юм. 

-Сонгуулийн хуулийг батлах үеэр авлига, албан тушаалын хэргээр ял шийтгүүлсэн хүнийг сонгуульд нэр дэвших эрхийг хязгаарлах нь Үндсэн хуультай зөрчилдөнө гэсэн шүүмжлэл гарч байсан. Энэ талаар тодруулж өгөөч?

-Сонгогдох эрхэд тухайн сонгогдож байгаа албан тушаалын байдлаас хамаараад тодорхой хэмжээний үндэслэл бүхий шалгуур, шаардлагыг тавьсаар ирснийг дээр хэллээ. УИХ-ын Сонгуулийн хуулийн төсөлд “нэр дэвшигч нь сэтгэл мэдрэлийн хувьд эрүүл байх” шаардлага тавигдаж, түүнийгээ мэргэжлийн эмчийн тодорхойлолтоор нотлох үүрэгтэй заалт байсан. Хэлэлцүүлгийн явцад энэ заалт хасагдсан. Үнэндээ сэтгэцийн хувьд эрүүл эсэхэд эргэлзэхээр УИХ-ын гишүүд байна шүү дээ.

2005, 2011 оны УИХ-ын сонгуулийн хуулиар нэр дэвших гэж байгаа этгээд нь бүх төрлийн гэмт хэрэгт урьд нь ял шийтгүүлж байгаагүй, ял шийтгэлтэй, ял шийтгэлтэйд тооцох хугацаа дууссан байх шаардлага тавигдаж байсан. 2005 онд батлагдсан Сонгуулийн тухай хуульд нэр дэвшигч нь дараах шаардлагыг хангана гээд 27 дугаар зүйлийн 27.4.3-т ялгүй байх гэдэг шаардлага тавьсан. Энэ заалтыг Монгол Улсын дээд шүүхээс тайлбарлахдаа “Эрүүгийн хуульд заасан бүх төрлийн гэмт хэрэгт урьд өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй гэж ойлгоно” гэсэн.

Энэ заалт, тайлбар нь хэд хэдэн асуудал үүсгэсэн. Нэгдүгээрт, бүх төрлийн гэмт хэрэг гээд өргөн хүрээнд хамруулчихсан. Хоёрдугаарт, тухайн үеийн Эрүүгийн хуулийн 78.2, 78.3-т заасны дагуу ялгүй болсон, ялгүйд тооцогдсон гэдэг агуулгаас өргөн хүрээтэй болгосон гэж үзсэн. 

Эрүүгийн эрх зүйн хөгжил, бодлогын хүрээнд Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцогдож байсан үйлдэл, үйл ажиллагаа шинэчлэн баталсан хуулиар гэмт хэрэгт тооцогдохгүй болсон байж болно. Агуулгын хувьд ч, хэрэгжихдээ ч хэт өргөн хүрээтэй болчихсон учраас ҮХЦ-ээс “Монгол улсын иргэн сонгох, сонгогдох эрхтэй. УИХ-ын гишүүнээр 25 нас хүрсэн сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно” гэж заасныг гэж дүгнэсэн ч Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т “...эрх чөлөө, тэгш байдал нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Арван есдүгээр зүйлийн 1-д “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц...хууль зүйн баталгааг бүрдүүлэх үүрэгтэй” гэсэн заалтыг зөрчөөгүй байна гэж дүгнэсэн. Уг дүгнэлтийг УИХ хүлээн авч, Эрүүгийн хуулийн 78.2, 78.3-т заасан ялгүйд тооцох, ялгүй болох хугацаа дуусаагүй бол нэр дэвших эрхийг хязгаарласан зохицуулалт хийж, түүнийг мөрдөн сонгуулийг зохион байгуулсан. 

2017 онд шинэчлэн батлагдсан Эрүүгийн хуулиар ялгүй болох, ялтайд тооцох гэдэг ойлголт байхгүй болсон. Ялаа эдлээд дууссан бол тухайн хүн ялгүй болсон гэсэн үг. 

-Энэ хуулиар 2020 оны УИХ-ын сонгуульд гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэд санал өгөх эрхгүй юм билээ. Үүнийг томсгосон мажоритар тогтолцоотой холбон тайлбарлаж байсан. Энэ талаар тодруулахгүй юу?

-Сонгуулийн хуульд улс олон мандат бүхий тойрогт хуваагдана гэсэн заалт байгаа. Сонгогчид тухайн тойрогт нь нэр дэвшиж байгаа хүнд саналаа өгнө. Гэтэл гадаадад байгаа иргэн чухам аль тойрогт хамаарах юм. Дээр нь хэний төлөө саналаа өгөх юм. 

Тухайн тойрог тус бүрт нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт бүхий саналын хуудас хэвлэгдэнэ. Жишээ нь, АНУ-д суугаа Элчин сайдын яаман дээр бүх тойргийн саналын хуудсыг аваачаад тэнд амьдарч байгаа Монгол иргэдийн монгол дахь бүртгэлтэй хаягаар нь аль тойргийн сонгогч болохыг тодорхойлж санал хураалт явуулах боломжгүй юм. Тэгээд ч гадаад улсад 90-ээс дээш хоногийн хугацаатай явсан сонгогч “түр хасагдсан” гэж бүртгэгддэг. Энэ мэт зохион байгуулалтын үйл ажиллагаанаас үүдэн гадаадад амьдарч байгаа иргэдийг санал өгүүлэх боломжгүй болоод байгаа юм билээ.

-Сонгогчдын нэрсийн жагсаалтыг улс төрийн намуудад нээлттэй болгосон. Энэ нь сонгогчдын эрхэнд халдсан явдал биш үү?

-Өмнөх сонгуулиудаар сонгогчдын нэрсийн жагсаалт хаалттай ч байсан, нээлттэй ч байсан. Сонгогчдын нэрсийн жагсаалт хаалттай байснаар ямар үр дагавар үүссэн бэ гэхээр тухайн тойрогт хэдэн сонгогч, ямар хаягт бүртгэлтэй болохыг сонгуульд оролцогч нар мэдэх бололцоогүй байсан. Үүний улмаас нэг хаяг маш олон сонгогчид бүртгүүлсэн, нас барсан хүний нэр дээр санал өгсөн, 2-3 хэсгийн хороон дээр давхардуулж санал өгсөн гэх мэтчилэн маргаан их гарсан ч сонгуулийн үр дүнд эргэлзэхэд хүрч байсан юм билээ. Энэ байдлаас урдчилан сэргийлж нам, эвслүүдэд хуулбарлах боломжгүйгээр сонгогчдын бүртгэлийг өгсөн. 

Ингэж өгсөн ч мөн л асуудал үүссэн. Тухайлбал, нам, эвслүүд сонгогчдын мэдээллийг хуулбарлаж, тараадаг, айлуудын хаягаар явж амгалан тайван байдал алдагдуулж, иргэд рүү хандаж эхэлсэн. Иргэдээс “миний хувийн мэдээллийг задрууллаа” гэдэг гомдол маш их гарсан. Тиймээс сонгогчдын нэрсийн жагсаалтыг аль ч намд өгөхгүй гэдэг заалтыг хуулийн төсөлд оруулсан байсан.

Харин хэлэлцүүлгийн явцад хуулбарлах бололцоогүйгээр нэг удаа өгнө гэдэг заалт оруулж баталсан. Уг мэдээллийг нийтэд задлах боломжгүй гэсэн үг. Тэгэхээр нам, эвслүүд сонгогчдын нэрсийн жагсаалтыг СЕХ-ноос өгөх жагсаалттай тулгаж, тухайн тойрог, хэсэгт хэн хэн санал өгөх эрхтэй байна гэдгийг нягтлахаас гадна, хувилахгүй байх хуулийн хязгаарлалтыг биелүүлэх ёстой. 

-Хэрэв энэ мэдээллийг тарааж, олшруулбал ямар хариуцлага хүлээлгэх вэ. Ер нь энэ хуульд хариуцлагын ямар заалтууд орсон бэ? 

-Энэ хууль  өмнө нь батлагдаж байсан сонгуулийн хуулиудаас хариуцлагын тогтолцоог сайжруулснаараа онцлог болсон. Өмнөх сонгуулийн хуулиудад тухайн хуулийн зүйл, заалт болгоны ард үүнийг зөрчвөл хүлээлгэх хариуцлагыг тусгах байдлаар явж ирсэн. Гэвч хэн нягтлан шалгах, хэн хариуцлага хүлээлгэх, шалгах ажиллагаа ямар процессын дагуу явах зэрэг нь нэг мөр шийдэгдээгүй явж ирсэн. Сонгуулийн үеэр маргаан, зөрчил гарахад сонгуулийн байгууллага, цагдаа, шүүх гэх мэт хууль хяналтыг бүх байгууллагад л нэг асуудлаар ханддаг байсан. 

УИХ-ын сонгуулийн хуулиар энэ бүх асуудлыг нэг мөр цэгцэлсэн. Ямар үйлдэл, үйл ажиллагааг зөрчилд тооцохыг Зөрчлийн тухай хуулиар, тухай зөрчил бүрийг шалгах субьект, маргааныг хянан шийдвэрлэх шүүхийн харъяаллыг Зөрчил шалгах шийдвэрлэх хуулиар ойлгомжтой, тодорхой болголлоо. 

-Сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой зөрчлийн торгуулийн дээд хэмжээ хэд вэ? 

-Иргэн, хуулийн этгээдээр ялгамжтай. Хуулийн этгээдэд ногдуулах торгуулийн дээд хэмжээ хоёр зуун мянган нэгж, иргэнийх 10 мянган нэгж. 

-Сонгуулийн хандивын хэмжээг нэмэгдүүлсэн байсан. Энэ нь ямар үр дагавартай юм бэ? 

-Шинээр батлагдсан хуульд хуулийн этгээд 20 сая, иргэн таван сая төгрөгийн хандив өгч болно гэж оруулсан. 

Манай улсын хувьд нэг сонгогчид зарцуулах зардлын хэмжээ ойролцоогоор 17 мянган төгрөг гэдэг судалгаа байна. Гэтэл Европод 1-3 евро, АНУ-д 1-3 ам.долларын хэмжээнд барьдаг. Гурван доллар нь ч ихэд тооцогдоод байхад манай улсынх бараг долоон ам.доллар болчихсон байна. 

Сонгуулийн сурталчилгаа, хэлбэр, тойргийн хэмжээ томорч байгаагаас шалтгаалаад хүссэн хүсээгүй сонгуулийн зардал өндөр болсон. Тухай бүр зохих хязгаарлалтуудыг хийсээр ирсэн. Тухайлбал, урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулах, сурталчилгааны самбар энд тэндгүй байрлуулахыг хориглох, суталчилгааны материалын хэмжээнд хязгаар тогтоож өгөх гэх мэт. Энэ хуулиар ч хязгаарласан зүйл олон байгаа. 

Хандивын тухайд би хувьдаа хязгаарлах шаардлагагүй гэж үздэг. Харин ч нээлттэй болгох ёстой. Яагаад гэвэл бид нэгэнт сонгуулийн зардлаа алдчихсан. Энэ тохиолдолд нэр дэвшигч, нам эвсэл ямар нэгэн эх үүсвэрээс мөнгө олох шаардлагатай болно. Хязгаар тогтоочихоор үүнээс давсан мөнгийг хууль бус аргаар олж, зарцуулахаас өөр аргагүй байдалд орчихно. Үүнийг дагаад сүүдрийн зах зээлд эргэлдэж байгаа, хууль бус мөнгийг сонгууль руу орж ирэх үүд хаалгыг нээгдэнэ. Эсрэгээрээ хэн хэдэн төгрөг өгсөн гэдэг мэдээллийг нээлттэй болгочихвол дараа нь хяналт тавих боломжтой болно.

Жишээ нь, нэр дэвшигч Болдод "XХХ" гэдэг компани 100 сая төгрөгийн хандив өгсөн гэдэг мэдээлэл байлаа. Болд гэдэг гишүүн аль нэг яаманд сайдаар очиход, эсхүл түүний нөлөөгөөр ХХХ гэдэг компани тендер авсан, хөнгөлөлттэй зээл авсан нь тогтоогдвол хандив авсны хариугаа барьж байна гэдэг нь ойлгомжтой болно. Иргэн бүр хяналт тавих бололцоотой болно. Одоогийн хуулийн энэ байдал илчлэгдэхгүй нь. 

-Сонгуулийн жил эхэлснээс хойш УИХ-ын гишүүд өнгөрсөн хугацааны ажлаа тайлагнах зорилгоор иргэдтэй уулзалт, арга хэмжээ зохион байгуулж болно гэсэн заалт шинээр оруулсан. Гэтэл гишүүдээс бусад нэр дэвшигчдэд сурталчилгааны хоногоос бусад үед иргэдтэй уулзалт хийхийг хориглосон. Энэ заалтын “арга хэмжээ” гэдгийг юу гэж ойлгох вэ. Энэ нь одоогийн УИХ-ын гишүүдэд давуу байдал олгосон явдал гэж харагдаад байгаа? 

-Сонгуулийн үйл явцын хамгийн чухал зүйл шударга байдал. Хоёрдугаарт, өрсөлдөөний тэгш нөхцөл хангагдах. Ингэж байж эрх барьж байгаа нам, эвсэл, парламентад огт суудалгүй нам, бие даагчдад тэгш өрсөлдөх боломж хуулиар олгогдоно. 

Гэтэл эрх баригчид тэгш өрсөлдөх бололцоогүй сонгуулийн хууль баталсан. Тодруулбал, УИХ-ын гишүүн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор иргэд, сонгогчидтой хийх уулзалтыг сонгуулийн сурталчилгаанд тооцохгүй, мөн тайлан, материал тараах нь сурталчилгааны материалын хэмжээний хязгаарт баригдахгүй, цаашлаад УИХ-ын гишүүд нь “арга хэмжээ” зохион байгуулж болохоор хуульчиллаа. “Хуулиар хориглоогүй арга хэмжээ” гэж байгаа ч арга хэмжээ гэдэг нь маш өргөн агуулгатай.

Хуулиар мөнгө эд зүйл тараах, бараа бүтээгдэхүүн хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээг төлбөргүйгээр үзүүлэх, нийтийг хамарсан биеийн тамирын тэмцээн уралдаан зохион байгуулах, урлагийн тоглолт үзүүлэх, дайллага цайллага хийхийг хориглосон. Үүнд хамаарахгүй уулзалт, арга хэмжээг зохион байгуулж болно гэж заасан.

Амьдрал баян шүү дээ. Уулзалт хийхийг хуулиар зөвшөөрсөн. Тэр уулзалтыг Хайнаньд эсвэл Байгал нуурын эрэгт хийвэл яах вэ. Энэ нь мэдээж тодорхой хэмжээний зардал хөрөнгө шаардах ажил. Зардал гаргаад тухайн иргэнд гадаад явах бололцоо олгож байна гэдэг нь сонголтод нь мэдээж нөлөөлөх нь ойлгомжтой. 

-Сошиал орчинтой холбоотой шинэ заалтуудын талаар тодруулахгүй юу?

-Сонгуулийн сурталчилгааны үед Сонгуулийн хууль тогтоомж болоод Эрүүгийн хууль, Зөрчлийн хуулиар хориглосон үйлдэл, үйл ажиллагаа явуулж болохгүй нь мэдээж. Уг хууль бус үйлдэл, үйл ажиллагаа нь цахимаар, сонин хэвлэл, телевиз радио зэрэг аль ч хэлбэрээр үйлдэгдсэн хориглогдох ёстой. 

Жишээ нь, Сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т “Нэр дэвшигчийн нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, ийм агуулга бүхий мэдээллийг хэвлэмэл материалын хэлбэрээр эсхүл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин дахь олон нийтийн сүлжээгээр тараахыг хориглох” заалт бий. Хэний ч нэр төрийг гутаан доромжилж болохгүй. Гутаан доромжилсон худал мэдээлэл түгээсэн бол хариуцлагаа хүлээнэ. 

Дэлхий нийтээрээ л цахим орчноос, олон нийтийн сүлжээнд гаднаас болон дотоодоос, санаатай, зориуд ирж байгаа хууль бус нөлөөлөл, энэ орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчилөөс хэрхэн сэргийлэх вэ, гэдэг дээр “толгойгоо өвтгөж” байна. Цахим орчиноос ирэх сөрөг нөлөөллийг багасгах зорилгоор УИХ-ын сонгуулийн хуулийн 47 дугаар зүйлийн 47.11 “Харилцаа холбооны зохицуулах хороо нь Сонгуулийн ерөнхий хорооны саналыг үндэслэн цахим орчин дахь олон нийтийн сүлжээний хандалтыг хязгаарлах, тархалтыг бууруулах технологийн арга хэмжээг сонгуулийн сурталчилгаа дууссан өдрөөс санал авах өдрийн дараах өдөр хүртэл авч болох” эрх хуулиар олгосон байгаа.

“Сүлжээний хандалтыг хязгаарлах, тархалтыг бууруулах технологийн арга хэмжээ” гэдэгт миний ойлгосноор хандалтын хурдыг бууруулах юм билээ. Өөр ямар арга байгааг хэлж мэдэхгүй байна.