Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/25-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын санхүүч, эдийн засагчид нэгдэн “Тэтгэврийн реформын хөдөлгөөн”-ийг эхлүүллээ

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 12 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын тэтгэврийн тогтолцоонд шинэчлэл хийх зорилгоор эдийн засагч, санхүүчид “Тэтгэврийн реформын хөдөлгөөн” төрийн бус байгууллага байгуулах болсноо өнөөдөр зарлалаа.

 
Гэрэл зургийг MPA.mn

Энэ талаар Эдийн засагч Ө.Ганзориг "Улс орны бодлого, шийдвэрт мэргэжлийн хүмүүсийн дуу хоолой ус агаар мэт хэрэгтэй байдгийг бид олон жил ярьсаар ирсэн.

Энэхүү хөдөлгөөнийг санаачлагчид нь Монгол Улсын тэргүүлэх санхүүч, эдийн засагчид байгаа бөгөөд олон жилийн турш төр засагт үнэтэй зөвлөгөө судалгааг хүргүүлж, санал хэлсээр ирсэн хүмүүс. Гэтэл Монгол Улсын хувьд тэтгэврийн реформ хийхээсээ татгалзсаар ирсэн нь эдийн засгийн макро, микро түвшинд маш их эрсдлийг дагуулж байна.

Тэтгэврийн реформ хийхгүй бол Монгол Улс дахь баян, ядуугийн ялгаа хэзээ ч арилахгүй” гэдгийг хэлэв.

 
гэрэл зургийг MPA.mn

Эдийн засагч Ч.Хашчулуун "Өнөөдөр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320 мянган төгрөг байна. Олон жил хөдөлмөрлөн, улс орныхоо төлөө залуу насаа зориулсан бүх хүнд эргээд ийм бага хэмжээний тэтгэвэр олгож байгаа нь манай улсын тэтгэврийн тогтолцоо болохгүй байгаагийн шинж гэж мэргэжлийн талаас дүгнэж байна.

Бусад улс оронд тэтгэврийн тодорхой сангууд байгуулж, өрсөлдөөн бий болгон, хувийн хэвшлээр удирдуулдаг тогтолцоо бий болчихсон. Өөрөөр хэлбэл, одоогийн залуучууд тэтгэврийн сандаа мөнгөө хуримтлуулаад явахад тэтгэвэрт гарах үедээ цалингийн хэмжээнээсээ буурахгүй байх хэмжээний тэтгэвэр тогтоолгох боломжтой гэсэн үг. Одоогийн тогтолцоонд харин ийм боломж байхгүй" гэлээ.

 
Гэрэл зургийг MPA.mn

Эдийн засагч Б.Өлзийбаяр "Сүүлийн үед тэтгэврийн даатгалтай холбоотой олон асуудал яригдаж байна.

Үүнээс бид тэтгэврийн реформ хийх зайлшгүй шаардлагатай байгааг харсан. Энэ шаардлага нь улс төрчдийн захиалга биш, ард түмний захиалга гэж бид харж байна. Өнөөдрийн тогтолцоогоор бол, төлсөн нь хохирч, төлөөгүй хүмүүс нь завшдаг болжээ. Иймд тэтгэврийг хуваарилалтын тогтолцоо бус, хуримтлалын тогтолцоо руу оруулах зорилгоор бид нэгдсэн юм. Ард иргэд маань ирээдүйгээ бодоод хөдөлгөөнд нэгдэхийг уриалж байна" гэсэн юм.

 
Гэрэл зургийг MPA.mn

Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан "Тэтгэврийн тогтолцоо энэ хэвээрээ цаашид явах боломжгүй болсон. Иймд нийгмийн хөдөлгөөн болгон өрнүүлж, бодлого тодорхойлогчдод нөлөөлж байж, илүү хэрэгцээ шаардлага гарна" гэв.

 
Гэрэл зургийг MPA.mn

Эдийн засагч, шинжээч Г.Ганзориг "130 жилээр хоцрогдсон систем манай улсад үйлчилж байна. Фэйсбүүкийн "Тэтгэврийн реформ хөдөлгөөн" пэйж хуудсанд нэгдэж, энэхүү шинэчлэлийг хамтдаа хийхийг нийт ард иргэддээ уриалмаар байна. 1990 онд нийт хүн амын 8.3 хувь нь тэтгэврийн насных байсан бол 2018 онд 10.8 хувь болж өссөн байна. Хэрэв энэхүү тренд цаашид үргэлжилсээр байвал Тэтгэврийн даатгалын сангийн алдагдал улам бүр л өснө" гэж байлаа.

 
Гэрэл зургийг MPA.mn

Эдийн засагч Г.Мөнх-Эрдэнэ "Мэргэжлийн хүмүүс нэгдэж энэ асуудлуудыг шийдэхгүй юм бол хэн ч шийдэхгүй гэдгийг ойлголоо.

Олон жил хүлээж, саналуудаа хэлж, шийдвэрлүүлэх гэж үзээд болсонгүй гэдгийг манай мэргэжилтнүүд ч хэлж байна. Иймд өнөөдөр хувь хүнийхээ зүгээс, мэргэжлийн хүнийхээ хувьд хөдөлгөөнд нэгдэж байна. Залуучууддаа хандаж хэлье, бид хөгшрөхгүй, өвдөхгүй, үр хүүхэдтэй болохгүй юм шиг амьдарч болохгүй. Ирээдүйн амьдралынхаа санхүүгийн эрх чөлөөний төлөө тэмцэх хэрэгтэй цаг үе ирчихээд байна" гэлээ.