Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/24-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын арми Санта Клаус, Умард Солонгос хоёрыг зэрэг хянаж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 12 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Умард Америкийн Агаараас Хамгаалах Коммандын төв NORAD нь АНУ, Канад улсуудын агаарын орон зайг хянах үүрэгтэй зэвсэгт хүчний салбар юм.

Тус байгууллага Колорадо мужийн Колорадо Спрингс хотод байрладаг. 1955 оноос хойш NORAD өвлийн өвгөний дэлхийг тойрон аялж байгаа маршрутын талаар хүүхдүүдэд мэдээлэл өгдөг уламжлалтай болжээ.

Цаа буга хөлөглөсөн Санта Клаус дэлхийн аль цэгт явж байгааг тус байгууллагын www.noradsanta.org сайтаас харах боломжтой. Жил бүр дэлхийн 200 орчим улсаас 15 сая давтагдашгүй тооны хүн уг сайтад нэвтэрч, мэдээлэл авдаг байна.

Анх 1955 онд Колорадо Спрингс хотын нэгэн их дэлгүүр сонинд сурталчилгаа нийтлэхдээ Санта Клаусын утасны дугаарыг алдаатай хэвлэснээс NORAD-ийн утасны шугамыг хүүхдүүдийн дуудлага эзэлж байжээ. Үүнээс хойш 60 гаруй жилийн турш тус байгууллага хүүхдүүдэд Санта Клаусын хаана аялж яваа талаар мэдээлэл өгөх үүргийг сайн дураар гүйцэтгэх болсон байна. Анхны дуудлагыг нэгэн бяцхан охин хийж, АНУ-ын агаарын хүчний хурандаа Харри Шоуп түүнд Санта Клаус замдаа яваа тухай тайлбарлаж өгсөн гэдэг.

Энэ жилийн онцлог нь NORAD-ын ажилтнууд Санта Клаусаас гадна давхар Умард Солонгосын зүгээс ямар нэг пуужин харваж байгаа эсэхийг анхааралтай хянаж байгаа гэнэ. Учир нь Пёньяны дэглэм АНУ-д Зул сарын бэлэг бэлдэж байгаагаа өмнө нь зарласан юм.

Ажиглагчид Ким Жон Уныг маргааш алсын тусгалын баллистик пуужин туршиж магадгүй гэж таамаглаж байна. Хэрвээ ингэвэл Вашингтон, Пёньяны хооронд хоёр жил шахам үргэлжилсэн найрсаг харилцаа төгсгөл болж, дайсагнал эргэн ирсний илэрхийлэл болох юм.

 

Эх сурвалж: Reuters