Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/23-НД НИЙТЛЭГДСЭН

"Нэг настай хүүхэд осгосон уу, угаартаж нас барсан уу гэдгийг эцэслэх шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй байна"

Г.Номин, iKon.mn
2019 оны 12 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

НОБГ, НМХГ-аас сайжруулсан шахмал түлшний хэрэглээний талаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- Угаарын хийнд хордсон дуудлагын тоо хэр их байгаа вэ?

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй: Өнгөрсөн амралтын өдрүүдэд угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордсон гэх 14 дуудлага ирсэн. Дуудлагын дагуу гэрээр нь эрүүл мэндийн зөвлөмж өгөөд, эрүүл мэндийн тусламж үзүүлсэн. Одоогоор угаарын хийнд хордсоны улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа тохиолдол алга байна.

Ханиад томуугийн өвчлөл их байгаатай холбоотойгоор ханиадыг хордлоготой андуурсан дуудлага нэлээд ирснийг штаб дээр ажиллаж байгаа хүмүүс мэдээлсэн.

- Сонгинохайрхан дүүрэгт энэ сарын 17-нд 1-12 насны дөрвөн хүүхэнд ээжийнхээ хамт угаартаж, нэг настай хүүхэд амь насаа алдсан гэх мэдээлэл гараад байгаа. Энэ талаар тодруулж мэдээлэл өгөөч?

НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн: Ээж нь гурван хүүхдийнхээ хамт угаартсан гэх хэргийн шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй байгаа. Анхны байдлаар хүүхэд осголтын байдалтай ирсэн гэх мэдээллийг СХД-ийн ЭМТ-өөс өгөөд байгаа. Шүүх эмнэлгийн дүгнэлт гарсны дараа осголтын улмаас уу, угаартаж нас барсан уу гэдгийг эцэслэх болохоор мэдээлэл өгөх боломжгүй байна. Бусад хүүхдүүд хордлогогүй зүгээр байгаа.