Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын гишүүдийн сонгогчидтой уулзах арга хэмжээг хууль зөрчсөнд тооцохгүй

А.Ням-Өлзий, iKon.mn
2019 оны 12 сарын 18
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын сонгуулийн тухай хуулийг энэ долоо хоногт багтаан хэлэлцэн батлах гэж байна.

Сонгуулийн тогтолцоо анх өргөн баригдсанаасаа өөрчлөгдсөн тул 50 гаруй зарчмын зөрүүтэй саналыг хуулийн төсөлд оруулж байгаа аж. Үүнээс зарим онцлох өөрчлөлтийг танилцуулж байна. 

Тус хуулийн төслийн 45 дугаар зүйл буюу Сонгогчидтой уулзалт, хурал, цуглаан хийх тухай зүйлийн 6-д “Энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө УИХ-ын гишүүн хийсэн ажлын тайлангаа танилцуулах зорилгоор сонгогчидтой хийсэн уулзалт, арга хэмжээ нь сонгогчдын санал татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамаарахгүй” гэжээ. 

Харин 2016 оны сонгуулийн хуулийн 80.1-д "Сонгогчидтой хийх уулзалт, хурал, цуглааныг сонгуулийн сурталчилгааны хугацаанд багтаан хийнэ” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигчид зөвхөн сурталчилгааны хугацаанд иргэдтэй уулзалт хийж байсан юм.

Харин шинэ хуульд оруулж буй заалтаар одоогийн УИХ-ын гишүүдэд өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа тайлагнах нэрээр сонгогчдыг татах арга хэмжээ зохион байгуулах эрхийг нээж өгч байна.

 

Гэхдээ зөвхөн УИХ-ын гишүүдэд энэ эрх олгогдож байгаа бөгөөд шинээр нэр дэвшиж байгаа хүмүүс сурталчилгааны хугацаанаас өөр үед иргэдтэй уулзалт хийвэл сонгуулийн хууль зөрчсөнд тооцогдох юм. 

Мөн сонгогчид тухайн тойргийнхоо мандатын тоогоор саналын хуудаст бичигдсэн нэр дэвшигчдийг дугуйлна. Ингээгүй тохиолдолд саналын хуудсыг хүчингүйд тооцох юм. Өөрөөр хэлбэл, гурван мандаттай тойргийн сонгогч хоёр нэр дэвшигч дугуйлсан бол түүний санал хүчингүй болно. 

Түүнчлэн "Төрийн жинхэнэ албан хаагч, төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирлууд УИХ-ын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна" хэмээн хуулийн төслийн 30.4-т заасан байсан. Харин зарчмын зөрүүтэй саналаар төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирлууд албан тушаалаасаа чөлөөлөгдөх шаардлагагүй гэж оруулахаар болжээ. 

Ингэснээр ТӨҮГ, орон нутгийн оролцоотой компанийн дарга, дэд дарга нар албан тушаасаа чөлөөлөгдөхгүйгээр сонгуульд өрсөлдөх эрхтэй болж байна

Эдгээр саналуудыг ажлын хэсгээс боловсруулан өчигдөр хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн байна. Харин эдгээр нь сонгуульд нэр дэвшигчдэд гарааны тэгш бус байдлыг бий болгож байна гэж судлаачид үзэж байгаа юм.

Чуулган шууд үзэх:

https://www.facebook.com/iKonNews/videos/838857253239635/