Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Гантөмөр: 16-100 кВт хүртэл хүчин чадалтай зууханд түүхий нүүрс хэрэглэхийг хориглох захирамж удахгүй гарна

Г.Номин, iKon.mn
2019 оны 12 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, ЦЕГ, НМХГ, Агаарын бохирдолтой тэмцэх газар, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос түүхий нүүрс хэрэглэж буй 100 кВт-аас дээш хүчин чадалтай халаалтын зуухнуудын утааны шүүлтүүр, нүүрсний зарцуулалтад хийсэн хяналт, шалгалтын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Нийслэлийн хэмжээнд нийт 2,209 нам даралтын зуух байгаагаас 197 нь 100 кВт-аас дээш хүчин чадалтай халаалтын зуухнууд бөгөөд түүхий нүүрс хэрэглэх зөвшөөрөлтэй юм байна.

Шалгалтын ажлын явцад зуухны янданд шүүлтүүр суурилуулсан уу, шүүлтүүр нь ажиллаж байна уу, түүхий нүүрсний хадгалалт, хамгаалалт ямар байна, бусдад худалдаалж байна уу үгүй юу гэдгийг голлон шалгасныг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хэлсэн юм.

"Шүүлтүүрээ ажиллуулаагүй ААН-д 1.5 сая төгрөг, иргэнд 150 мянган төгрөгийн торгууль ногдуулсан"
 
Гэрэл зургийг mpa.mn

Түүхий нүүрс түлэх зөвшөөрөлтэй бүх зууханд хийсэн шалгалтын явцад илэрсэн зөрчил, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн "Иргэд гэхээсээ илүү ААН-үүд агаар бохирдуулж байна, яндангаас нь хар утаа гарч байна гэх гомдол их ирж байгаа. Тиймээс өмнө нь шалгалт хийж байсан. Энэ удаад бүх уурын зуухыг хамруулснаараа онцлог.

Шалгалтаар шүүлтүүр суурилуулсан ч түүнийгээ ажиллуулдаггүй, түүхий нүүрсээ ил задгай хадгалсан зөрчлүүд голлон илэрлээ. Шүүлтүүр суурилуулж ажиллуулсан тохиолдлын 10 орчим хувь нь эвдэрсэн гэх шалтгаанаар ажиллуулаагүй байсан.

Шүүлтүүрээ суурилуулаагүй бол Зөрчлийн тухай хуулийн дагуу хэрэг үүсгээд шалгаж байгаа. Харин шүүлтүүр суурилуулсан хэдий ч ажиллуулаагүй бол ААН-д 1.5 сая төгрөг, иргэнд 150 мянган төгрөгийн торгууль ногдуулсан. Шүүлтүүр ажиллуулах бага хэмжээний цахилгааны зардлаа хэмнэх гэж агаар орчныг бохирдуулан, торгуульд орох нөхцөл бүрдэж байгааг ААН-үүддээ анхааруулж хэлмээр байна.

Түүхий нүүрс түлэх зөвшөөрөлтэй бол зайлшгүй шүүлтүүр ажиллуулах, ил задгай хадгалахгүй байх ёстой гэдэг дээр хатуу байр суурьтай байгаа" гэв.

Шүүлтүүр эвдэрч байгаа тохиолдлуудад дүн шинжилгээ хийх, шалтгааныг тодруулах зорилготой уулзалтыг маргааш зохион байгуулахаар болсон байна.

Нэгдсэн дүнгээс үзэхэд илэрсэн нийтлэг зөрчлүүд:

  • Утаа шүүгч шүүлтүүр суурилуулаагүй-9
  • Утаа шүүгч шүүлтүүр нь эвдэрсэн-17
  • Түүхий нүүрсийг ил задгай хадгалсан-18
  • Нүүрс хадгалж байгаа газар, гадна талбайдаа камергүй-8
Түүнчлэн шалгалтын явцад түүхий нүүрс хэрэглэх зөвшөөрөл авсан хэдий ч төвийн дулаанд холбогдсон, цахилгаан болон хийгээр халаалтаа шийдсэн 20 ААН байсан бол 17 ААН түүхий нүүрснээс татгалзаж шахмал түлш хэрэглэж байгаагаа мэдэгдсэн байна.

Тусгай зөвшөөрөл авсан байгууллагууд өөрсдийн хэрэгцээнд, шүүлтүүртэй зууханд шатаах ёстой түүхий нүүрсийг иргэдэд худалдаалах, тусгай зөвшөөрөлгүй уурын зуухнуудад хүргүүлэх зөрчил илэрсэн. Энэ тохиолдол тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Нийслэлийн хэмжээнд өмнөх жилийн үлдэгдэл иргэд, ААН-үүдийн нөөцөлсөн нийт 345 тонн түүхий нүүрс байгааг битүүмжилсэн бөгөөд зөвшөөрөл бүхий шүүлтүүртэй зууханд шатаалгах, түүхий нүүрсийг шахмал түлшээр солих ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

Мөн "16кВт-100 кВт хүртэл хүчин чадалтай зууханд түүхий нүүрс хэрэглэхийг хориглох захирамж удахгүй гарна. Засаг даргын захирамжийн төсөл бэлтгэгдэж байгаа. Зуухнаасаа татгалзаж төвийн дулаанд холбогдох, хий, цахилгаанаар халаалтаа шийдэх бол дэмжинэ. Ирэх жил түүхий нүүрсний хэрэглээг багасгах, хязгаарлах бодлого баримтална" гэдгийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хэлж байлаа.