Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

"Нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэж байгаа бол дагаад хөдөлмөрийн нөхцөл сайжруулах асуудлыг ч ярих хэрэгтэй"

Б.Уянга, IKON.MN
2019 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монголын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн форумаас Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг дахин нэмэгдүүлэх шийдвэрийг эсэргүүцэн “Монгол Ньюс” мэдээллийн төвд өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

 
Гэрэл зургийг MPA.mn

Тэд эсэргүүцлээ илэрхийлж, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт албан хүсэлт гаргаж байгаагаа энэ үеэр мэдэгдсэн ба уг хүсэлтийг Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирал Л.Бат-Отгон уншиж танилцуулав.

Хүсэлтэд Монголын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн форум нь нийгмийн даатгалын шимтгэлийг 2020 оноос дахин нэмэгдүүлж буй шийдвэрийг дараах үндэслэлээр эсэргүүцэж байна гэжээ. Үүнд:

  • Уг зохицуулалт нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд сөрөг нөлөө бүхий зохицуулалт гэж үзэж байна.
  • Бид одоо ч төлсөн шимтгэлийнхээ үр шимийг хүртэж чадахгүй байгаа. Гэтэл ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэх нь харьцангуй бага цалин орлого бүхий хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд дарамт болох болно.

Иймд нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэхтэй холбоотой шийдвэрээ хүчингүй болгож, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогоо эргэн харна уу гэжээ.

 
Гэрэл зургийг MPA.mn

Хурлын үеэр “Ээлтэй ертөнц” ТББ-ын тэргүүн Т.Туяажаргал “Бид зөвхөн халамжлуулагч байхыг хүсэхгүй байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч хөдөлмөр эрхлэх эрхтэй. Гэтэл хөдөлмөр эрхлэлтийг дэмжихийн оронд түүний эсрэг чиглэсэн бодлого, шийдвэрүүдийг гаргаж байгаа нь хөдөлмөр эрхлэлтийг бууруулах эрсдэлд оруулж буйд гомдолтой байна. Нөгөө талаас, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд ч мөн ажил олгогч нар юм. Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ нэмэгдэж буй нь ажил олгогчдод ч дарамт болж байна” гэв.

 
Гэрэл зургийг MPA.mn

Хараагүйчүүдийн үндэсний холбооны тэргүүн Г.Гэрэл “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дийлэнх нь энгийн иргэдээс харьцангуй бага цалин хөлсөөр ажилладаг. Гэхдээ ижил хэмжээний татвар, шимтгэл төлдөг. Харамсалтай нь өндөр насны тэтгэвэрт гарах үед төлсөн шимтгэлийнхээ үр шимийг хүртэж чадахгүй маш бага хэмжээний тэтгэвэр тогтоогддог. Эдгээр асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй” гэлээ.

Үүнээс гадна тэд нэгэнт нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэж байгаа бол дагаад хөдөлмөрийн нөхцөл сайжруулах асуудал яригдах хэрэгтэй. Гэтэл энэ талаар огт дурсахгүй байгааг шүүмжилсэн юм.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн форумаас энэ асуудлаар дан ганц бичгийн хүсэлт гаргаад зогсохгүй цаашид үр дүнд хүргэж, ажил хэрэг болгохоор арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээ мэдэгдлээ.