Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/26-НД НИЙТЛЭГДСЭН

Форд компанийн захирал Теслагийн Cybertruck-ийг "тулаанд" дууджээ

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 11 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт Тесла компанийн гүйцэтгэх захирал Илон Маск цоо шинэ Cybertruck пикапаа танилцуулсан билээ.

Энэ үеэрээ тэр бусад автомашин үйлдвэрлэгчдээс Форд компанийг онцолж, Cybertruck нь “олс таталт”-ын өрсөлдөөнд Фордын F-150 загварыг ялсан тухай мэдээлсэн юм.

Тэгвэл Форд компани үүнийг чимээгүй хараад суусангүй. Өчигдөр буюу Даваа гарагт Форд компанийн туршилт, судалгааны Ford X лабораторийн захирал Санни Мадра твиттер сүлжээгээр Теслагийн захиралд хандан санал тавьжээ.

Тэрээр Илон Маскаас Cybertruck-аа илгээхийг хүсэж, хүч чадлыг нь Фордын автомашинтай ижил нөхцөлд харьцуулж турших санал тавьсан байна. 

Cybertruck-ийн танилцуулгын үеэр Илон Маск “Та бүхэн хуурамч биш, жинхэнэ хүчтэй трактай болохыг хүсдэгийг би мэднэ” хэмээн үзэгчдэд хандаж хэлсэн юм. Энэ үг нь Форд руу довтолсон агуулгатай байв.

Үүний дараа Форд компанийн төлөөлөгч “Бид бусад хүмүүсийн юу гэж ярихаас үл хамааран сайн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэхийн төлөө ажилладаг” гэж хэвлэлд мэдэгдэж байжээ. Форд ч бас цахилгаан хөдөлгүүртэй автомашин бүтээхээр ажиллаж байгаа.

Энэ оны эхээр Форд компани F-150 тракынхаа цахилгаан хөдөлгүүртэй туршилтын хувилбарыг олон нийтэд үзүүлж байв. Ингэхдээ 450 тоннын жинтэй вагоныг 300 метр зайд чирч үзүүлж байжээ.

Мадрагийн туршилт хийх хүсэлтийг Илон Маск хүлээж авах эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

 

Эх сурвалж: Business Insider