Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/25-НД НИЙТЛЭГДСЭН

Хонг Конгийн ардчилсан хүчнийхэн орон нутгийн сонгуульд том ялалт байгуулжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 11 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Ням гарагт БНХАУ-ын засаг захиргааны тусгай бүс Хонг Конг хотын дүүргүүдийн удирдах зөвлөлийг сонгох сонгуулийн санал хураалт болж өнгөрлөө.

Энэ удаагийн сонгуульд тус хотын иргэд түүхэнд байгаагүй өндөр идэвхтэй оролцжээ. Орой санал хураалт зогсоход нийтдээ 3 сая орчим хүн саналаа өгөөд байсан нь нийт сонгогчдын 71 гаруй хувь болсон байна. Энэ нь Хонг Конгийн нийт оршин суугчдын бараг тал хувь бөгөөд сонгогчдын дотор анх удаа саналаа өгч буй хүмүүс олон байжээ.

 

Сонгуулийн үр дүнд Хонг Конгийн нийт 18 дүүргийн 15 дүүргийнх нь удирдах зөвлөлд ардчилсан хүчнийхэн ялалт байгуулсан байна.

Энэ ялалт тус хотын улс төрийн амьдралд томоохон эргэлт болж байгаа юм.

Бээжингийн талыг баримтлагч хэд хэдэн алдартай нэр дэвшигч ялагдсан тухай зохион байгуулагчид мэдээлжээ. Энэ сонгуулийн үр дүнд Хонг Конгийн улс төрийн амьдрал шууд өөрчлөгдөх боломж бага ч урт хугацаандаа нөлөөлөх магадлалтай. Удирдах зөвлөл нь дүүргийн төсвийг батлах, авто зогсоол, цэцэрлэг ногоон байгууламж зэрэг аж ахуйн асуудлуудыг шийдэх хязгаарлагдмал эрх мэдэлтэй.

Гэхдээ энэ сонгуулийн үр дүн Бээжингийн эрх баригчдад өгөх том дохио болж, Хонг Конгийн талаар цаашид баримтлах бодлогод өөрчлөлт оруулж магадгүй юм.

Хонг Конгчууд өмнө нь дүүргийн сонгуульд төдийлөн ач холбогдол өгдөггүй, цөөн хүмүүс санал өгдөг байсан. Харин сүүлийн таван сар гаруй хугацаанд өрнөсөн үйл явдал, хямрал тэднийг улс төрд хариуцлагатай хандахад хүргэсэн байна.

 

Эх сурвалж: The Guardian