Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

Долоон хүн нас барсан осолд холбогдох хэргийг прокурорт буцаалаа

Г.Мөрөн, iKon.mn
2019 оны 11 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

2016 оны 8 дугаар сарын 5-ны өдөр Төв аймгийн нутагт зам тээврийн осол гарч нэг гэр бүлийн 7 хүн нас барсан харамсалтай явдал болсон.

Уг ослыг гаргасан гэх Ө.Цэцэгшагдарт холбогдох шүүх хурал өчигдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн шүүхэд боллоо. Шүүхээс хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэх шаардлагатай гэж үзэн прокурорт буцаасан байна.

Тээврийн прокурорын газраас Ө.Цэцэгшагдарт холбогдуулан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2  дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн ирүүлжээ.

Хуулийн заалт:

27.10 дугаар зүйл.Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих

4.2.энэ гэмт хэргийн улмаас хоёр, түүнээс олон хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

27.11 дүгээр зүйл.Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах

1.Энэ хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.