Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

Нэг гэр бүлийн 7 хүний амийг хохироосон хэргийг Улаанбаатарын хуулийн байгууллага руу шилжүүлж өгөхийг хүсэв

А.Намуун, iKon.mn
2018 оны 8 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нэг гэр бүлийн 7 хүний амийг хохироосон жолоочид ял завших боломж олгосон прокурорын шийдвэрийг эсэргүүцэж амь үрэгдэгсдийн гэр бүлээс өнөөдөр мэдээлэл хийлээ.

Амиа алдсан жолоочийн төрсөн эгч Х.Алгирмаа "2016 оны наймдугаар сарын 5-ны орой 20:00 цагийн орчимд болсон авто ослын талаар мэдээлэл хийхээр өнөөдөр ирлээ.

Тэр өдөр 7240-УБҮ улсын дугаартай приус-20 автомашинд 3 хүүхэд, 4 том хүн нийт 7 хүн зорчиж байсан юм. Осол Эмээлтийн замд болсон. 8558-УНС улсын дугаартай Ланд 100 маркийн автомашин нь Приус-20 автомашиныг нэгдүгээр эгнээнд явж байхад нь хоёрдугаар эгнээнээс шахаж онхолдуулсан. Онхолдож эсрэг урсгалд ороод 0116-УНА дугаартай Ланд 200-тай мөргөлдөж замын хажуу руу шидэгдсэний улмаас гал гарч машин дотор зорчиж байсан иргэд амь насаа алдсан. 

Энэ хэрэг 2016 онд болсон боловч өдийг хүртэл шийдэгдэхгүй, прокурор дээр  3 дахиж хаагдаад шүүх рүү орохгүй байгаад бид өнөөдөр гомдолтой байна. 

 
Гэрэл зургийг MPA.mn

Цэцэгшагдар буюу машиныг мөргөсөн жолооч нь осол болсны орой хэргийн газар дээрээс уул давж зугтаасан. Ингээд олдохгүй байж байгаад жилийн дараа 2017 оны есдүгээр сарын 29-нд олсон. Бид АТГ-т өргөдөл гомдол өгч, баг бүрэлдэхүүн гарч ажиллаж байж энэ хүнийг олсон. 

Цэцэгшагдар олдсон боловч өнөөдөр тэр хүн хэргээ хүлээхгүй байгаа. Талийгаач болсон миний дүүд бүх хэрэг тохогдож, хоёр жилийн хугацаанд дүүд маань эрүү үүсгэж, хэрэгсэхгүй болж энэ хэрэг хаагдаад байна. Үүнд бид гомдолтой байна. Хүүхдийн эрх энд зөрчигдөж байна. 

Долоон хүний амь насыг хохироочихоод, талийгаач болсон дүү охинд минь хэрэг үүсгэж, хэргийн газар дээрээс зугтаачихаад жилийн дараа олдож байхад нь төрийн цагдаа, прокурорын байгууллагууд шүүхийн өмнөөс шийдвэр гаргаж уг хэргийг хааж байгаад бид гүнээ их харамсаж, гомдож байна. 

Тиймээс бид долоон хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийг дахин томилж, Улаанбаатар хот руу энэ хэргийг шилжүүлж өгөхийг хүсэж байна. Харьяаллын дагуу Төв аймгийн прокурор энэ хэрэг дээр ажилласан ч хаагдаад байгаа юм. 

Төв аймгийн прокурор дээр энэ хэргийг авснаас хойш 3 прокурорын нүүр үзсэн боловч энэ хэрэг шийдэгдэхгүй, Цэцэгшагдарын талд гарсан хэвээр байгаад байна. Бид Төв аймгийн прокурорын газарт дахин итгэх найдвар алга. Ажлаа хийж чадахгүй байна гэж бид үзэж байна. 

Хэргийн газар дээр нүдээр харж байсан гэрч байсаар атал Цэцэгшагдарын талд хэрэг шийдэгдэж хаагдаад байна. Манай хуулийн байгууллага өнөөдөр яагаад шударга ажиллаж чадахгүй байгаа юм бэ. Үүнд их гомдолтой байна" хэмээн ярилаа. 

"Төрийн байгууллагууд хуулиа барьж ажиллахгүй байна"
 
Гэрэл зургийг mpa.mn

Амиа алдсан жолоочийн ээж Ц.Бат-Өлзий "Миний талийгаач охин ийм онц ноцтой авто осолд үр хүүхэд, хадам ээж, эгч, 3 сартай хүүхэдтэй нь бүгдээрээ өөд болсон. 

Энэ хэргийг хийсэн хэрэгтэн нь өнөөдөр хэргээ хүлээхгүй. Шийдвэрлэж байгаа прокурор, цагдаагийн байгууллага нь нэг талыг барьж ажиллаад байна. Би энэ газруудыг ажлаа хийх байх гэж удаан хүлээлээ. 

Энэ хоёр жилийн хугацаанд хэргийн материалтай танилцаагүй. Энэ хүмүүс үгсэн хуйвалдаж, хохирогчийг эзэнгүйдүүлж байна. Миний өнгөрсөн охин дээр хэрэг нээчихээд зүйл ангиа ч өөрчлөхгүй байна.

Улсын төрийн байгууллагууд хуулиа барьж ажиллаж чадахгүй байна. Маш харамсалтай байна. Маш их гомдолтой байна" гэв.