Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

“Ч.Сайханбилэг Дубайн гэрээг байгуулахдаа захирамжаа Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэх ёстой байсан”

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 11 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Дубайн гэрээг байгуулахтай холбоотой Ч.Сайханбилэгийн Засгийн газрын дөрвөн захирамжийг хүчингүй болгох шийдвэрийг 2019 оны арваннэгдүгээр сарын 18-нд гаргасан билээ. 

Энэ талаар "Туркойз Хилл Ресурс" компани мөн мэдэгдэл хийгээд байгаа юм.

Тэгвэл энэ талаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, шийдвэрүүлсэн "Дархан Монгол Ногоон Нэгдэл" ТББ өнөөдөр хэвлэлийн хурал хийж, шүүхийн шийдвэрийн талаар мэдээлэл өглөө. Хэвлэлийн хурал хийсэн "Дархан Монгол Ногоон Нэгдэл" ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Д.Даш, эдийн засгийн зөвлөх Ч.Бат-Эрдэнэ, өмгөөлөгч Г.Батбаяр нар нь 18-ны шүүх хуралд оролцсон гэдгээ тайлбарлав.

"Дархан Монгол Ногоон Нэгдэл" ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Д.Даш:

 
Гэрэл зургийг MPA.mn

Энэ шүүх хурал жил гаруй хугацаанд, нэлээд бэрхшээлтэй болж өнгөрсөн. Олон удаа хойшлогдсон. Улс төрийн нөхцөл байдал ээдрээтэй байснаас гадна Рио Тинто компанитай холбоотой маргаан үүссэн тул ямар нэгэн нөлөөлөл орохоос сэргийлж олон нийтэд мэдээлээгүй байсан юм. 

Харин шүүхийн шийдвэр бидний талд ийнхүү гарснаар талууд хэлэлцээрийн ширээний ард сууж, олон жил Монголын талд ашиггүй явж ирсэн гэрээний нөхцөлүүдийг сайжруулах нөхцөл бүрдэж байна. 

Өмгөөлөгч Г.Батбаяр:

 
Гэрэл зургийг MPA.mn

2015 оны тавдугаар сарын 18-нд Оюу толгойн уул уурхайн бүтээн байгуулалтад 28 тэрбум долларын хөрөнгө оруулах гэрээ хийгдсэн. Энэ гэрээнд Монгол Улсыг төлөөлж гарын үсэг зурахад "Эрдэнэс Монгол" компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, "Эрдэнэс Оюу толгой" компанийн захирал Д.Ганболд нар оролцсон бөгөөд оролцох эрхийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өгсөн. 

Гэтэл гарын үсэг зурах эрх авч очсон этгээдүүдэд олгосон итгэжлэл буюу Ерөнхий сайдын захирамж нь илт хууль бус, захиргааны акт байсан гэдэг шүүхийн шийдвэр гарлаа. Тиймээс энэ гэрээ өөрөө бүхэлдээ үндэслэлгүй буюу хүчингүй болох нөхцөл бүрдэж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсыг төлөөлөх эрхгүй этгээдүүд очоод гэрээ байгуулсан гэдэг хууль зүйн үндэслэл болж байгаа юм. 

2015 оны нэгдүгээр сараас 2015 оны тавдугаар сарын 15-н хүртэлх хугацаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг дөрвөн удаагийн захирамж гаргасан. Тухайн хоёр этгээдэд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, олон тэрбум долларын гэрээнд гарын үсэг зурах эрх олгосон тэр захирамжууд Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэгдэх ёстой байхад Ерөнхий сайд өөрөө хууль зөрчин, дангаараа захирамж гаргасан нь буруу байна гэдэг шүүхийн шийдвэр гарсан. 

Иймээс Дубайн гэрээний хариуцлагыг тухайн үеийн Ерөнхий сайд байсан Ч.Сайханбилэг болон гэрээнд гарын үсэг зурсан хоёр этгээд л хүлээнэ. Гэрээнээс үүдэн гарсан хохирол, үр дагаврыг тухайн этгээдүүд хариуцахаас биш, Монгол Улсын Засгийн газар хариуцахгүй гэдэг хууль зүйн ойлголт бий болж байгаа. 

Энэ асуудал жижиг мэт боловч цаанаа Монгол Улсыг 20 гаруй тэрбум долларын өрөнд оруулсан эрх зүйн зөрчил арилж байна. Дубайн гэрээнд оролцогч 18 компани Монгол Улсыг олон улсын шүүхэд хариуцагчаар дуудах ямар ч боломжгүй болж байна. Хэрэв энэ гэрээнээс үүдэн гарсан хохирлыг төлүүл гэвэл албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрт болон бусдад давуу байдал олгосон Ч.Сайханбилэг, Монгол Улсын Засгийн газрын хууль тогтоомжийг зөрчин эрх олж авсан Д.Ганболд, Б.Бямбасайхан нар үйлдэлдээ хариуцлага хүлээнэ. 

Бусдад давуу байдал олгох гэдэг нь TRQ болон Рио Тинто компанид эдийн засгийн давуу байдал олгосон үйлдэлдээ хариуцлага хүлээж, хариуцлагаар татагдах юм байна гэж ойлгох нь зүйтэй. 

Тиймээс бид олон улсын шүүхэд очиж, Дубайн гэрээний талаар маргаж, тэнд очиж хүчингүй болгуулах шаардлагагүй болсон гэж ойлгож болно. 

"Дархан Монгол Ногоон Нэгдэл" ТББ-ын эдийн засгийн зөвлөх Ч.Бат-Эрдэнэ:

 
Гэрэл зургийг MPA.mn

Оюутолгойн гэрээ, Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн гэрээ гэж бий. 2011 онд хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулсан. Гэтэл энэ тохиролцоо Монголын талд ашиггүй байна гэж ярьсаар 10 жил өнгөрсөн.  

Яг тийм маргаантай үед Ерөнхий сайд Ч.Сайханбилэг дур мэдээд, ахиад нэг гэрээ байгуулсан. Тэр гэрээнээс хойш 4 жид өнгөрч байна. 

Дубайн гэрээ хүчингүй болбол улс орны эдийн засаг савлана гэж нийгэмд үзэж байна. Бид буруу байсан зүйл дээр дөрвөн жилийн өмнө ахиад нэмээд буруу гэрээ байгуулсан тул үүнийг өөрчлөх гэж 4 жил тэмцсэн. 

Сүүлийн нэг жилд нь ер нь гэрээ анх яаж байгуулагдсан юм бэ гэдгийг судлаад үзтэл захирамжууд нэг л биш байсан нь хууль зөрчсөн үйлдлүүдийн ард ямар эрх ашиг байгааг шалгах үндэслэл болсон. Ингээд шалгах ёстой байгууллагуудад нь өгсөн. Ямар ч байсан бидний нэхэмжлэл зөв гэдэг нь шүүхээр тогтоогдсон. 

Хэрэв бид чимээгүй яваад байсан бол яах вэ?

Монгол Улс Рио Тинтогийн тооцсоноор ногдол ашиг авах гэж 2048 он хүртэл хүлээх байсан. Харин одоо Монголд хохиролтой явж байгаа тохиролцоог засах эрх зүйн үндэс эхэллээ.