Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/17-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын армийн цэргүүд Хонг Конгийн гудамжийг цэвэрлэжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 11 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Бямба гарагийн өглөө Хонг Конг дахь Хятадын Ардын Чөлөөлөх Армийн гарнизоноос энгийн хувцастай 50 цэрэг гарч ирээд ойролцоох гудамжинд тэмцэгчдийн босгосон хаалт хориглолтуудыг буулгаж, цэвэрлэсэн байна.

Зарим иргэд тэдэнтэй нэгдэж, гудамж цэвэрлэх ажилд оролцжээ.

ХАЧА-ийн Хонг Конг дахь гарнизонд 12,000 орчим цэрэг байрладаг гэсэн албан бус тоо байдаг бөгөөд зөвхөн орон нутгийн засаг захиргааны хүсэлтээр гамшгийн дараах сэргээн босголт, нийтийн дэг журмыг тогтоох ажилд оролцох үүрэгтэй.

Хонг Конгийг Британиас Хятадад шилжүүлсний дараах 22 жилийн түүхэнд ганцхан удаа хятад цэргүүд гудамжинд ил гарсан нь өнгөрсөн онд болсон далайн хар салхины дараах сэргээн босголтын ажилд тусалсан тохиолдол байжээ.

Өчигдөр Хонг Конгийн сөрөг хүчний зарим улс төрчид ХАЧА-ийн цэрэг яагаад гудамжинд гарсныг тодруулахаар засгийн газартаа хандсан байна.

Хонг Конгийн захиргаа армиас тусламж хүсээгүй болохоо мэдэгджээ.

Гудамжинд ажилласан цэргүүдийн ахлагч “Энэ бол сайн дурын ажил. Дээрээс ямар ч тушаал өгөөгүй” гэж хэлсэн байна.

Өнгөрсөн Пүрэв гарагт Хятадын удирдагч Ши Жиньпин анх удаа Хонг Конгийн хямралтай шууд холбоотой мэдэгдэл хийсэн юм. Тэрээр тус хотод хүчирхийлэл үйлдэж байгаа этгээдүүдэд хатуу шийтгэл оноох, дэг журам тогтоохыг Бразилд болсон BRICS-ийн дээд хэмжээний чуулганы үеэр уриалсан байна.

 

Эх сурвалж: BBC, The Guardian