Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/16-НД НИЙТЛЭГДСЭН

Австралийн Сидней хот усгүй болох аюулын ирмэг дээр байна

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 11 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Австрали улсад сүүлийн хэдэн арван жилд тохиогоогүй хуурайшилт, ган болсноос ойн түймэр өргөн хэмжээнд тархаад байна.

Энэ жилийн түймэрт одоогийн байдлаар дөрвөн хүн амиа алдаад байгаа юм. Тэгвэл энэхүү гамшгийн улмаас таван сая оршин суугчтай Сидней хотод усгүй болох аюул нүүрлэжээ.

Тус хотын усны нөөцийн далан 2022 он гэхэд хоосрох төлөвтэй байгааг Австралийн 7News суваг олж мэдээлсэн байна.

Энэ оны зургаадугаар сараас хойш Сидней хотод усны нэгдүгээр түвшний хязгаарлалт тавиад байгаа. Энэ түвшинд бассейнуудыг усаар дүүргэх, ус түгээгүүрийн гоожуурыг нээлттэй орхихыг хатуу хориглодог.

Хамгийн сүүлд ийм хязгаарлалтыг 2003 онд хэрэгжүүлж байжээ. Одоогоор Сиднейн усны нөөцийн далан 46.6 хувийн дүүрэлттэй байна.

Ирэх оны хоёр, гуравдугаар сарын үед энэ хэмжээ 40 хувьд хүрч болзошгүй байгаа бөгөөд тэгвэл хоёрдугаар түвшний усны хязгаарлалтыг тавих тухай мэргэжилтнүүд мэдээлжээ.

Ингэвэл иргэдийн өдөр тутмын усны хэрэглээнд хязгаарлалт тавьж эхэлнэ. Жишээ нь өдөр бүр цэцэрлэгээ усалдаг байсан бол долоо хоногт цөөн хэдэн өдөр усалдаг болно.

Хэрвээ ирэх хоёр жилийн зун хуурайшилт, гантай хэвээр үргэлжилбэл 2022 онд Сидней хот усгүй болох аюул үүсэх ажээ.

Одоо Австрали даяар шатаж буй ойн түймрийг унтраахаар 1,300 орчим гал сөнөөгч ажиллаж байна. Түймрийн хамрах хүрээ тус улсын Нью Соут Уэльс мужийн газар нутгаас гурав дахин том болоод байгаа.

Нийтдээ 8 сая хүний амьдардаг газар нутаг түймрийн гамшигт өртөөд байна.

 

Эх сурвалж: CNN