Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/16-НД НИЙТЛЭГДСЭН

Чилийн дуучин эмэгтэй ард иргэдийнхээ тэмцлийг дэмжиж байгаагаа илэрхийлэн цээж нүцгэлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 11 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Пүрэв гарагийн үдэш Лас Вегас хотод болсон Латин Грэммийн шагналын улаан хивсний ёслолын үеэр Чили улсын дуучин, хөгжмийн зохиолч Мон Лаферте эх оронд нь өрнөж буй иргэдийн тэмцлийг дэмжиж байгаагаа өвөрмөц аргаар илэрхийлсэн байна.

Улаан хивсэн дээр алхаж байхдаа 30 настай дуучин эмэгтэй камернуудын өмнө хувцасныхаа энгэрийг дэлгэж харуулсан юм. Түүний цээжин дээр испани хэлээр “Чилид тэд эрүүдэж, хүчирхийлж, алж байна” гэж бичсэн байв.

Өмнөд Америкийн хамгийн чинээлэг орнуудын нэгт тооцогддог Чили улсад сүүлийн сар гаруй хугацаанд улс төр, эдийн засгийн тэгш бус байдлыг эсэргүүцсэн иргэдийн тэмцэл өрнөж байгаа.

Өнгөрсөн хугацаанд 20 гаруй хүн хууль хүчнийхний гарт амиа алдсан юм.

Цагдаа нар үрлэн сумаар тэмцэгчид рүү буудсаны улмаас олон зуун хүн нүдээ сохлуулсан тухай мэдээлж байна. Мянга мянган хүн баривчлагдсаны ихэнх нь удалгүй суллагдан байна.

Мон Лаферте сая Латин Грэммийн шилдэг альтернатив цомгийн шагнал хүртсэн юм. Тэрээр энэ цомгоо Чилийн тэмцэгчдэд зориулсан байна.

Өчигдөр Лаферте цээж нүцгэлсэн зургаа Инстаграм хуудсандаа нийтэлж, “эх орноо чөлөөлөх үйлсэд бие зориулна” гэсэн угтатай тайлбар бичжээ.

Августо Пиночетын дэглэм унаснаас хойш Чилид гарсан хамгийн том иргэдийн тэмцэл өчигдөр үр дүнд хүрсэн байна. Тус улсын үндэсний конгресс ирэх онд үндсэн хуулиа шинэчлэх бүх нийтийн санал хураалт явуулах шийдвэрийг Баасан гарагийн өглөө зарлажээ. 

Гэхдээ Чилийн ерөнхийлөгч Себастьен Пинерагийн бодлогыг эсэргүцэж байгаа иргэдийн уур хилэнг энэ шийдвэр намжаах эсэх нь эргэлзээтэй байна. Энэ долоо хоногт Чилийн хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчид тэмцлийг дэмжиж, ирэх долоо хоногт Перугийн шигшээ багтай хийх нөхөрсөг тэмцээнд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж: AFP