Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/16-НД НИЙТЛЭГДСЭН

Хонг Конгийн сайд Лондон хотод халдлагад өртсөн хэргийг Британийн цагдаа шалгаж эхэлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 11 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Хонг Конгийн хууль зүйн сайд Тереза Чэн өнгөрсөн Пүрэв гарагт албан ажлаар Лондон хотод ирээд байхдаа халдлагад өртсөн юм.

Лондон хотын төвд болох арга хэмжээнд оролцохоор ирсэн Чэнийг хэсэг тэмцэгчид тойрон хүрээлж, дайрсны улмаас тэнцвэр алдаж газарт унасан байна.

Энэ нь Хонг Конгт зургаан сар орчим хугацаанд өрнөж буй үймээний үеэр анх удаа Засгийн газрын гишүүн тэмцэгчидтэй шууд нүүр тулгарсан тохиолдол байв.

Сошиал орчинд тарсан бичлэгнээс харвал нүүрэндээ баг зүүсэн хүмүүс Чэн рүү довтолж, тал талаас нь эсэргүүцлийн уриа хашхирч байжээ. Сайд юунаас болж унасан нь тодорхой харагдахгүй байгаа.

Зарим тэмцэгч түүнийг өөрөө замын хашлаганд бүдэрч унасан гэж үзэж байна.

Лондон хотын цагдаагийн газар уг хэргийг шалгаж эхэлснээ Баасан гарагт зарлажээ. Үүнээс өмнө Их Британи дахь Хятадын элчин сайд эсэргүүцлийн мэдэгдэл гаргахдаа хэргийг шалгаж, гэм буруутныг олж тогтоохыг Лондон хотын цагдаагийн газарт уриалж байв.

Уг мэдэгдэлд тэмцэгчид Чэнийг түлхэн унагаж, гарыг нь гэмтээсэн гэжээ.

Хятадын элчин сайдын яам өчигдөр эсэргүүцлийн нот бичгээ Британийн гадаад хэргийн яаманд гардуулсан байна.

Хонг Конгийн захирагч Кэрри Лам засгийн газрын танхимынх нь гишүүн халдлагад өртөж, ноцтой гэмтэл авсныг мэдээлээд тэмцэгчдийг соёлжсон нийгэмд байж боломгүй зэрлэг, бүдүүлэг үйлдэл гаргалаа хэмээн шүүмжилжээ.

 

Эх сурвалж: The Guardian