Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/16-НД НИЙТЛЭГДСЭН

Техасын шүүх хар арьст хоригдлын цаазын ялыг хойшлуулах шийдвэр гаргалаа

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 11 сарын 16
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Техас мужийн давж заалдах шатны шүүх хоригдол Родни Ридийн цаазын ялыг хойшлуулах шийдвэрээ Баасан гарагийн үдээс хойш зарлажээ.

Үүнээс хэдхэн цагийн өмнө тус мужийн өршөөлийн асуудал хариуцсан зөвлөл Ридийн цаазын ялыг 120 өдрөөр хойшлуулах зөвлөмж гаргаад байсан юм.

Одоо 51 настай Родни Ридийн судсанд үхлийн тариа хийх өдрийг ирэх долоо хоногийн Лхагва гараг гэж товлоод байжээ.

Тэрээр 1996 онд 19 настай Стэси Стайтесыг ажлаас харих замд нь хүчиндэж, боомилж амийг нь хөнөөсөн хэрэгт буруутгагдан цаазын ял сонсоод байв. Техасын төв хэсгийн Бэстроп хэмээх жижиг хотод энэ хэрэг гарчээ.

Өнгөрсөн хугацаанд Рид өөрийгөө буруугүй гэж мэдүүлж байсан юм. Бэйонсе, Ким Кардашян, Опра Уинфри зэрэг Америкийн алдартнууд түүнийг өмгөөлж байв. Техасын сенатор Тэд Круз уг хэргийг дахин нягталж шалгахыг хууль хүчний байгууллагуудад уриалж байжээ.

Харин Рид жинхэнэ алуурчныг хохирогчийн найз залуу, цагдаагийн албан хаагч асан Жимми Феннел болохыг мэдүүлэгтээ хэлсэн байдаг.

Цагаан арьст хохирогч бүсгүй хар арьст Ридтэй өмнө нь дотно холбоотой байсанд Феннел байнга бухимдаж, өширхөж явдаг байсан гэдэг. Феннел сүүлд бэлгийн халдлагын өөр хэрэгт холбогдон шийтгүүлээд өнгөрсөн онд өршөөлөөр суллагдсан юм.

Хэд хоногийн өмнө Ридийн өмгөөлөгчид шинэ баримтуудыг гаргаж тавьснаар давж заалдах шатны шүүх цаазын ял гүйцэтгэх хугацааг хойшлуулж, шүүх хурлыг дахин явуулах шийдвэр гаргаж байна.

Жишээ нь Феннел шоронд хоригдож байхдаа Стайтесыг хэрхэн алсан тухайгаа бахархан ярьж, Ридийн талаар арьс өнгөөр гадуурхсан утгатай бүдүүлэг үг хэлж байсныг нэг хоригдол гэрчилжээ.

Одоо Ридийг Техасын шүүх дахин шүүж, эхний ээлжинд цаазын ялыг нь бүх насаар хорих ялаар солих боломжтой болж байна. Хэрвээ ингэж чадвал Рид гэм буруугүйгээ батлахаар АНУ-ын дээд шүүхэд давж заалдах юм.

Техас муж 1982 онд цаазын ялыг сэргээснээсээ хойш өнөөдрийг хүртэл гурван гэмт хэрэгтний ялыг цаазлуулахаас нь хэдхэн өдрийн өмнө бүх насаар хорих ялаар сольж байжээ.

 

Эх сурвалж: The Guardian