Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ цэргийн баазынхаа зардалд төлдөг мөнгийг тав дахин өсгөхийг Өмнөд Солонгосоос шаарджээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 11 сарын 15
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын батлан хамгаалахын сайд Марк Эспер өнөөдөр Сөүл хотноо Өмнөд Солонгосын батлан хамгаалахын сайд Жон Кён Дутай хэлэлцээ хийжээ.

Уулзалтын гол зорилго нь Өмнөд Солонгост байрладаг АНУ-ын цэргийн баазын зардлын асуудал байв.

28,500 орчим цэрэгтэй АНУ-ын бааз нь Умард Солонгосын аюулаас Өмнөд Солонгосыг хамгаалах зорилготой. Хоёр улс энэхүү баазын урсгал зардлыг хувааж гаргадаг юм.

Гэтэл АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Өмнөд Солонгосыг өөрийн төлдөг зардлын хэмжээг өсгөхийг шаардах болсон. 

Өнгөрсөн долоо хоногт Өмнөд Солонгосын албаны хүн АНУ-ын талаас зардлаа тав дахин өсгөхийг шаардаж байгаа тухай мэдээлсэн юм.

Энэ жил тус улс цэргийн баазын зардалд $1 тэрбумыг төлсөн бол Вашингтон одоо жилд $5 тэрбумыг төлдөг болохыг шаардаж байгаа ажээ.

Өнөөдрийн уулзалтын дараа Марк Эспер хэвлэлийн хурал дээр хэлэхдээ “Өмнөд Солонгос бол баян чинээлэг улс. Зардалд илүү ихийг төлөх боломжтой. Батлан хамгаалах хамтын ажиллагааны гэрээг энэ онд багтаан байгуулах зайлшгүй шаардлагатай байна” гэсэн юм.

Өмнөд Солонгосын батлан хамгаалахын сайд уг зардлыг талууд зөвшилцлийн үндсэн дээр тэнцүү хуваалцах ёстой гэдэг дээр санал нэгдсэн гэж мэдээлсэн байна.

Хэрвээ Трампын засаг захиргаа Өмнөд Солонгосын төлдөг зардлын хэсгийг огцом өсгөж чадвал АНУ бусад холбоотнуудтайгаа зардал хуваалцах гэрээ байгуулахад шинэ жишигтэй болох юм.

Энэ жил Өмнөд Солонгос, Япон улсуудын хооронд зөрчил маргаан нэмэгдсэнээс хоёр улсын хооронд тагнуулын мэдээлэл солилцох гэрээнээс Сөүлийн эрх баригчид гарсан юм.

Өнөөдрийн уулзалтын үеэр Марк Эспер энэхүү шийдвэрээ эргэж харахыг Өмнөд Солонгосын засгийн газарт уриалсан байна.

 

Эх сурвалж: Reuters