Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

Сэлфи хийсэн Франц жуулчин Тайландын хүрхрээнээс унаж амиа алджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 11 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Францын 33 настай жуулчин хүрхрээн дээр зогсож сэлфи хийхдээ унаж амиа алдсан тухай Тайландын цагдаагийн газар өнөөдөр мэдээлжээ.

Жуулчид ихээр очдог Ко Самуй арал дээр Пүрэв гарагийн орой энэхүү эмгэнэлт хэрэг гарсан байна.

Тус арлын На Муеан 2 нэртэй усан хүрхрээн дээр өнгөрсөн долдугаар сард Испанийн жуулчин мөн сэлфи хийж байгаад унаж амиа алдсан юм.

Хүрхрээ нь эгц өндөр эрэгтэй, хад чулуу нь хальтиргаа ихтэй байдаг тул цогцсыг гаргахад нэлээд хэдэн цаг зарцуулсан тухай арлын цагдаагийн газар мэдээлжээ.

Хүрхрээний дээд талд хашилт хийж, анхааруулга байрлуулсан ч жуулчид эндэх явдал гарсаар байгаа гэнэ. Найзуудынх нь хэлснээр жуулчин залуу хүрхрээний ирмэг дээр зогсож сэлфи хийх үеэрээ хальтирч унажээ.

Тайланд улс нь аялал жуулчлалын хамгийн аюулгүй газар нутагт тооцогддог ба жил бүр энэ улсад 35 сая гаруй жуулчин ирдэг.

2011 оны аравдугаар сараас 2017 оны арваннэгдүгээр сарын хооронд дэлхий даяар 250 гаруй хүн сэлфиний улмаас амиа алдсан гэсэн тоог судлаачид 2018 онд гаргаж байв.

Сэлфитэй үхэл эндэгдлийн тэргүүлэх шалтгаанд усанд живэх, зам тээврийн осолд орох, өндрөөс унах багтаж байна. Эдгээрийн дараа ан амьтны халдлагад өртөх, галт зэвсэгнээс сум алдах, цахилгаанд цохиулах зэрэг шалтгаан оржээ.

 

Эх сурвалж: AFP