Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

Шахмал түлшний үйлдвэр зардал хэмнэх Шакмен брэндийн машинуудтай боллоо

Г.Мөрөн, iKon.mn
2019 оны 11 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Төрийн өмчит "Таван толгой түлш" ХХК-ийн автобааз нээлтээ хийж, сайжруулсан шахмал түлшний түүхий эд болох медлингийг Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Улаанбаатар чиглэлд Монгол Улсын стандартын шаардлага хангасан шинэ автомашинаар тээвэрлэхэд бэлэн болжээ.

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан тээвэрлэлтэд шинээр нэвтэрч буй автомашин нь Монгол Улсын стандарт шаардлагыг хангасан учир энгийн авто замаар тээвэрлэлт хийх боломжтойг дурдаад Таван толгой түлш ХХК-ийн автобаазын жолооч нарт шинэ авто машинуудын түлхүүрийг гардуулан өгч алтан шар зам нь өлзийтэй байхыг ерөөв.

БНХАУ-д үйлдвэрлэсэн энэхүү Шакмен брэндийн F300 маркийн автомашин нь 40 тоннын даацтай, 5 тэнхлэгтэй бөгөөд Монгол Улсын MNS4598:2011 стандартыг хангасан, өөрөө буулгагч тэвштэй. Энэ ковш нь гар буулгагч зэргийг ашиглахгүй тул цаг хугацаа, хөрөнгө мөнгийг хэмнэх сайн талтай аж. Дээрх тээврийн хэрэгслүүдийг холын тээвэрт явуулахаас гадна сайжруулсан шахмал түлшний үйлдвэрээс хангамжийн бааз, борлуулалтын цэгүүд рүү тээвэрлэлт хийх юм байна.

Монгол Улсын Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн шат дараатай шийдвэрүүд гаргасны дагуу Таван толгой түлш ХХК байгуулагдаж, сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж, хэрэглээнд нэвтрүүлснээс хойш хэрхэн үр дүнтэй байгааг онцлоод Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, Эрдэнэс Таван толгой ХХК, Таван толгой түлш ХХК, тээвэрчид зэрэг энэхүү төсөлд гар бие оролцсон бүх хүнд Зам, тээврийн хөгжлийн сайд талархал илэрхийллээ. 

Харин "Таван толгой түлш" ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Ганбаатар бүхий л үед бодлогын хэмжээнд дэмжин ажилладаг Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд болон энэхүү автомашиныг авахад санхүүгийн дэмжлэг үзүүлсэн "Эрдэнэс Таван толгой" ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлэв.

 

Эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн яам