Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/14-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: ГЕГ-ын машины жолооч цагдаагийн алба хаагчаас зугтсан уу?

А.Намуун, iKon.mn
2019 оны 11 сарын 14
iKon.MN
Гэрэл зургийг MPA.mn

Төрийн албаны зөвлөлөөс Тээврийн цагдаагийн албатай хамтран албаны машиныг хувьдаа ашиглаж байгаа эсэхэд энэ сарын 11-нд гэнэтийн шалгалт хийсэн билээ. Шалгалтын үеэр Гаалийн ерөнхий газрын машины жолооч цагдаагийн алба хаагчаас зугтсан тухай мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тараад байна.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Лхагважаргалаас тодруулахад "Гаалийн ерөнхий газрын машины жолооч бичиг баримтаа үзүүлэхгүй зугтаасан зүйл байхгүй. Цагдаагийн алба хаагчийн шаардлагыг хүлээн авч, бичиг баримтаа үзүүлсэн. Энэ нь алба хаагчийн энгэрийн камерийн бичлэгт үлдсэн. Харин сэтгүүлч яриа авъя гэхэд нь өгөхгүй гээд цонхоо хаагаад явсан байна.

Тухайн машины урд салхины шилэнд наасан гэрэл бууруулагчийг /хар тень/ хуулж, 20,000 төгрөгөөр торгох арга хэмжээ авахаар болсон. Зам хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын 6.6-г зөрчсөн тул торгож байгаа юм.

Тээврийн хэрэгслийн жолоочийг өнөөдөр дуудсан. Гэвч "жолооч хүндэтгэх шалтгааны улмаас ажилдаа ирэхгүй хоёр хонож байгаа" гэсэн мэдээллийг Гаалийн ерөнхий газраас өгөөд байна. Иймд Тээврийн цагдаагийн албанаас тухайн автомашиныг замын хөдөлгөөнд оролцох үед нь манай хэлтэст шилжүүлэхээр зарлуулсан байна. Ингэснээр хар тенийг хуулж, торгоно.

Харин албаны машинаар хүүхэд зөөсөн асуудалд ТЦА хариуцлага тооцох эрхзүйн үндэслэл байхгүй тул Замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу арга хэмжээ авна" гэлээ.

2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр болсон үйл явдлын бичлэг:

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралт

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ АШИГЛАХЫГ ХОРИГЛОХ ЭВДРЭЛ, ГЭМТЭЛ, ТЕХНИКИЙН ЗӨРЧЛИЙН ЖАГСААЛТ

6.6. Бүхээгний шилэн дээр юм бичсэн, зураг наасан, хөшиг татсан, цацаг унжуулсан, салхины шил нь их хэмжээгээр цуурсан, бохирдсон зэргээс жолоочийн харах боломжийг хязгаарласан;

Тайлбар: Салхины шилний дээд хэсэгт өнгөт, тунгалаг хальс нааж болно. Салхины шилнээс бусад шилэнд гэрэл бууруулагч наалт (толины тусгал харагдах хэсгээс бусад хэсэгт) ашиглаж болох бөгөөд гэрэл нэвтрүүлэх чадвар нь урд хаалганы шилэнд 70%, бусад шилэнд 60%-аас багагүй байна гэж заажээ.

Жолоочийнхоо холбогдох мэдээллүүдийг ТЦА-д өгсөн

Энэ талаар Гаалийн ерөнхий газраас тодруулахад “Манай жолооч Үйлчилгээ, аж ахуйн албанд харьяалагддаг. Өчигдөр Тээврийн цагдаагийн албаныхан манай байгууллага дээр ирээд Үйлчилгээ, аж ахуйн албаны даргатай уулзсан. Жолоочийнхоо холбогдох мэдээллүүдийг өгсөн” гэлээ. 

Төрийн албаны зөвлөл энэхүү хамтарсан шалгалтынхаа хүрээнд төрийн албаны 28 машиныг хувьдаа ашиглаж, хүүхдээ зөөсөн байгууллагуудад сануулга өгөх талаар мэдээлсэн. Одоогоор ГЕГ-т ТАЗ-өөс ямар нэгэн албан бичиг ирээгүй байгаа аж.