Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/12-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын эрсдэлийн индекс #3 – Үйлдвэрлэлийн осол болон объектын гал түймрийн эрсдэл

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 11 сарын 12
Сурталчилгаа
Зураг зураг

Ажлын байрны аюулгүй байдлыг хангах нь үйлдвэрлэл, бүтээн байгуулалт идэвхтэй хийгдэж буй манай орны хувьд анхаарал зайлшгүй хандуулах ёстой асуудлын нэг юм. Дэлхий нийтэд өдөрт дунджаар 16,000 орчим хүн осол, гэмтлийн улмаас амь насаа алдаж байна. Ялангуяа хөгжиж буй орнуудын хувьд үйлдвэрлэл, бүтээн байгуулалт ихээр хийгдэж байгаа учраас үйлдвэрлэлийн ослын тохиолдол их байдаг. Манай улсын хувьд ч уул уурхай, барилга, хөнгөн үйлдвэрийн салбар эрчимтэй хөгжиж байгаа энэ үед объектын гал түймэр, үйлдвэрлэлийн осол, ажлын байрны эрүүл ахуйн асуудлаас үүдсэн мэргэжлээс шалтгаалсан өвчин мөн хөдөлмөрийн аюулгүй байдлын ажиллагаа алдагдсанаас гардаг золгүй тохиолдол гарсаар  байна.

 “ҮНДЭСНИЙ СУУРЬ ЭРСДЭЛИЙН ИНДЕКС” цуврал нийтлэлээр Манай улсад тулгамдаж буй “Зам тээврийн хөдөлгөөн болон гэмт хэргийн эрсдэл мөн “Өвчлөлийн болон хүний гоц халдварт өвчний эрсдэл”-н талаарх нийтлэлийг хүргэсэн. Энэ удаа албан байгууллага бүр анхаарах шаардлагатай ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ БОЛОН ОБЪЕКТЫН ГАЛ ТҮЙМРИЙН ЭРСДЭЛ-ийн индексийг хүргэж байна.

Үндэсний суурь эрсдэлийн индексийн үр дүнг жил бүрийн “Монгол Улсын Эрсдэлийн Удирдлагын Форум” дээр албан ёсоор танилцуулдаг билээ. Өнгөрсөн онд танилцуулсан зарим нэг онцлог эрсдэлүүдийн индексийг эргэн саная.

 

ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСЛЫН ЭРСДЭЛ

Ажилтан хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн хүчин зүйлийн үйлчлэлд өртөж эрүүл мэндээр хохирох, амь насаа алдахыг үйлдвэрлэлийн осол гэнэ. Манай улсын хувьд уул уурхай, барилга, хөнгөн үйлдвэрийн салбар эрчимтэй хөгжиж байгаа өнөө үед үйлдвэрлэлийн осол, ажлын байрны эрүүл ахуй нь маш чухал асуудлуудын нэг болоод байна.

Үйлдвэрлэлийн ослын эрсдэлийн индексийг тооцохдоо үйлдвэрлэлийн ослын тохиолдлын тоо, уг ослын улмаас нас барсан, гэмтэж бэртсэн хүний тоог харгалзан үздэг.

Үйлдвэрлэлийн ослын эрсдэлийн индекс

Жич: Уг индекс нь 1-9 оноогоор үнэлэгдэх бөгөөд индексийн тоон утга их байх нь эрсдэлийн түвшин өндөр байгааг илэрхийлнэ.

2017 онд үйлдвэрлэлийн ослын эрсдэлийн индекс өмнөх оноос 2.0 нэгжээр буурч 1.3 нэгж хүрсэн байна. Үүнд

  • Үйлдвэрлэлийн ослын тохиолдлын тоо 13%-аар,
  • Гэмтэж бэртсэн хүний тоо 61%-аар,
  • Амь насаа алдсан хүний тоо 77%-аар тус тус буурсан нь нөлөөлсөн.

Мөн манай улсын үйлдвэрлэлийн ослын эрсдэлийн индекс 2012 оноос хойш тасралтгүй буурсан эерэг үзүүлэлт ажиглагдаж байна.

2017 онд  үйлдвэрлэлийн ослын нийт 288 тохиолдол гарч үүний улмаас 7 хүн амь насаа алдаж, 81 хүн хүнд, 37 хүн хөнгөн хэлбэрээр гэмтэж бэртсэн байна. Эдгээр ослын ихэнх хувийг унах, бүдрэх, халтирах осол эзэлж байна.

 Үйлдвэрлэлийн ослын шалтгаан

Үйлдвэрлэлийн осол өртсөн хүмүүсийг насны бүлгээр авч үзвэл, 56%-ийг  35-59 насны, 39%-ийг  25-34 насны, 4%-ийг 18-24 насны, 0.8%-ийг 60 ба түүнээс дээш насны хүмүүс эзэлж байна. Мөн осолд өртсөн хүмүүсийг эрхэлж байсан ажил мэргэжлээр нь авч үзвэл суурин төхөөрөмж, машин механизмын оператор, угсрагч мэргэжилтэй хүмүүс хамгийн их үйлдвэрлэлийн осолд өртөж байна.

Осолдогчид, ажил мэргэжлээр

Үйлдвэрлэлийн ослын шалтгаан нь ихэвчлэн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллаагүйгээс үүдэн гарсан байдаг учраас ажил олгогч болон ажилчид ажлын байран дээрээ хөдөлмөрийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж, үргэлж сонор сэрэмжтэй ажиллаж чадвал  үйлдвэрлэлийн ослын эрсдэлийг бууруулах бүрэн боломжтой. Мөн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг холбогдох мэргэжлийн байгууллагуудаас нь тогтмол хяналт шалгалт хийдэг тогтолцоо хэрэгтэй байдаг.

 

ОБЪЕКТЫН ГАЛ ТҮЙМРИЙН ЭРСДЭЛ

Хүн төрөлхтөн суурьшин амьдарч ирсэн цагаас эхлэн ой хээрийн түймрээс гадна объектын гал түймэр гэгч аюул гарч ирсэн. Хүн амын төвлөрөл, барилга байгууламжийн төвлөрөл ихсэх тусам объектын гал түймрийн эрсдэл өсч байдаг. Монгол улсын хувьд нийт хүн амын талаас илүү хувь нь оршин суух Улаанбаатар хотод объектын гал түймэрийн өндөр эрсдэлтэй бүс юм.

Объектын гал түймрийн эрсдэлийн индексийг тооцохдоо объектын гал түймрийн тохиолдлын тоо, гал түймрээс болж нас барсан, түлэгдэж бэртсэн хүний тоо, хорогдсон мал амьтны тоо, гал түймрээр шатсан гэр барилга байгууламжийн тоо, нийт учирсан хохирлын дүн зэрэг олон хүчин зүйлийг харгалзан үздэг.

Объектийн гал түймрийн эрсдэлийн индекс

2017 онд Монгол улсын объектын гал түймрийн эрсдэлийн индекс өмнөх оноос 0.1 нэгжээр өсч 5.6 нэгж хүрсэн байна. Үүнд

  • Гал түймрийн улмаас нас барсан хүний тоо 21%-аар буурсан ч
  • Гал түймрийн улмаас учирсан хохирлын дүн 31%-аар,
  • Хорогдсон мал амьтдын тоо 12 дахин өссөн нь нөлөөлсөн байна.

Объектын гал түймэр тохиолдлын тоо болон нас барсан хүний тоо

2017 онд Монгол улсад нийт объектын гал түймрийн 3,536 тохиолдол гарч үүний улмаас 44 хүн амь насаа алдаж, 34 хүн түлэгдэж гэмтэж, 1,597 барилга байгууламж шатаж, нийт 12 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.

Объектын гал түймрийн эрсдэл нь урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой эрсдэл байхад манай улсад 1 өдөрт л 10 орчим гал түймрийн тохиолдол гарч байгаа нь эрсдэл өндөртэйг харуулж байна. Объектын гал түймэр нь ихэнхдээ хүний санамсар болгоомжгүй үйлдэл, эрчим хүч ашиглалтын дүрэм зөрчих зэрэг хувь хүмүүсээс шалтгаалсан үйлдлээс хамаарч гарч байна.  Тиймээс уг эрсдэлийг бууруулахын тулд галын аюулгүй байдлын талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлж, ард иргэд үргэлж сонор сэрэмжтэй байж, айл гэр албан байгууллагууд цахилгаан хэрэгсэл, тоног төхөөрөмжийн цахилгааны аюулгүй байдлыг хангаж галын аюулаас урьдчилан сэргийлэх хэрэгтэй.

10 дахь удаагийн “Монгол Улсын Эрсдэлийн Удирдлагын Форум” арга хэмжээ

11 сарын 13-нд Туушин зочид буудалд зохион байгуулагдах гэж байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.