Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/06-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын эрсдлийн индекс #1 – Зам тээврийн болон гэмт хэргийн эрсдэл

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 11 сарын 6
Сурталчилгаа
Зураг зураг

10 жилийн өмнөхөө бодвол Монголчууд ухаалаг утас хэрэглэж, суурин соёлд суралцаж, интернет цахим орчныг ашиглан бизнесээ амжилттай явуулж дэлхий нийтийн хөгжилтэй хөл зэрэгцэн алхах гэж хичээдэг болжээ. Гэсэн хэдий ч гэрээсээ гарахдаа машинд мөргүүлчих вий, барилгын төмөр дээрээс унах вий, үер болж эд хөрөнгөө урсгах вий гэдэг айдсаасаа салаагүй л явна. Эрсдэл тохиолдоогүй бол баярлаж, тохиолдсон бол тусламж гуйх маягаар бидний амьдралын хэв маяг эрсдэл тохиолдох эсэхээс хамаарч байна. Гэвч бодит байдал дээр эрсдэл тохиолдох нь гарцаагүй үнэн юм.

Үүнийг ойлгосон дэлхий нийт эрсдэлийг тодорхойлж, хэмжиж, удирдаж сурах тал дээр илүү анхаарал хандуулж байна. “Дэлхийн эрсдэлийн индекс”, Lloyds-ийн “Хотуудын эрсдэлийн индекс” гэх мэтээр тооцож хэмжиж эрсдэлийг бууруулж байна. Харин Мандал Даатгал ХК 2016 онд санаачлан “Үндэсний Эрсдэлийн Индекс”-ийг тооцдог болсноор Монголчууд эрсдэлийг тодорхой хэмжээнд ойлгож хэмждэг болж, улмаар эрсдэлийн удирдлага хэрэгжүүлэх суурь тавигдсан. Одоогоор 12 төрлийн эрсдэлийг статистик мэдээлэлд тулгуурлан жил бүрийн төгсгөлд 1-с 9 оноогоор үнэлж хэмжиж байна.

Үндэсний суурь эрсдэлийн индексийн үр дүнг жил бүрийн “Монгол Улсын Эрсдэлийн Удирдлагын Форум” дээр албан ёсоор танилцуулдаг билээ. Өнгөрсөн онд танилцуулсан зарим нэг онцлог эрсдэлүүдийн үр дүнг эргэн саная.

Үндэсний суурь эрсдэлийн индекс 2008-2017

Үндэсний суурь эрсдэлийн индекс 2017 онд 4.8 болж өмнөх жилээс 0.2 нэгжээр буурсан байна. Индексийн утга буурахад дараах хүчин зүйлс голлон нөлөөлжээ. Үүнд:

Байгалийн эрсдэл

  • 3.5 магнитудаас дээш хүчтэй газар хөдлөлт өмнөх онтой харьцуулахад 34%-аар бага бүртгэгдэж газар хөдлөлтийн эрсдэлийн индекс 3 нэгжээр буурчээ.

Нийгмийн эрсдэл:

  • Үйлдвэрлэлийн ослын индекс 2 нэгжээр буурсан бөгөөд үүнд ослын тохиолдлын тоо мөн гэмтсэн болон нас барсан хүний тоо буурсан нь нөлөөлжээ.
  • Халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо 36%-аар буурснаар Өвчлөлийн эрсдэлийн индекс 1 нэгжээр буурчээ.

Эрсдэлийн индексийн утга сүүлийн 2 жилд буурсан эерэг үзүүлэлт ажиглагдаж байгаа ч 2008 оны индекстэй ижил түвшинд байна. Энэ нь сүүлийн 10 жилд бидний амьдралын хэв маяг эрчимтэй өөрчлөгдөж иргэд, аж ахуй нэгжүүд дэлхий нийтийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж буй хэдий ч хүрээлэн буй орчинд байгаа эрсдэл буураагүй, бодитоор оршсоор байгааг харуулж байна.

Монгол улсын хувьд өвчлөл, гэмт хэрэг, зам тээврийн осол зэрэг нийгмийн эрсдэлүүд хамгийн өндөр байгаа бол байгалийн эрсдэлээс малын гоц халдварт өвчний эрсдэл өндөр байна.

ЗАМ ТЭЭВРИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ЭРСДЭЛ

Өдөр бүр бидний санааг зовоодог эрсдэлүүдийн нэг бол зам тээврийн эрсдэл. Ажилдаа, аялал зугаалгаар явахдаа үргэлж ашигладаг механик тээврийн хэрэгсэл маань хэр эрсдэлийг дагуулдгийг харцгаая.

 

 

Зам тээврийн ослын эрсдлийн индекс

2017 онд зам тээврийн ослын эрсдэлийн индекс өмнөх оноос 1.3 нэгжээр өсч 6.0 нэгж хүрсэн  байна. Үүнд:

  • Зам тээврийн ослын улмаас нас барсан хүний тоо 27%-аар
  • Гэмтэж бэртсэн хүний тоо 3 дахин өссөн нь нөлөөлсөн байна. 

2017 онд зам тээврийн ослын 36,591 тохиолдол гарч ослын улмаас 4,712 гэмтэж, 507 хүн нас барж, нийт 9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан байна.

2017 онд бүртгэгдсэн зам тээврийн ослын

  • 97.5% нь жолоочийн буруугаас,
  •  2.4% нь явган зорчигчийн буруутай үйлдлээс,
  • 0.1% нь замын нөхцөлөөс болсон байна.

Жолоочийн буруутай үйлдлээс шалтгаалсан осол нь ихэвчлэн хажуу хоорондын зай тохируулаагүй, уулзвар гарц нэвтрэх журам зөрчсөнөөс үүдэлтэй байна. Мөн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс үүдэлтэй 793 зам тээврийн осол гарч 96 хүн амь насаа алдаж, 155 хүн гэмтэл бэртэл авчээ.

ГЭМТ ХЭРГИЙН ЭРСДЭЛ

Гэмт хэрэг нь аль ч оронд байдаг нийгмийн амьдралын сөрөг үр дагавар бөгөөд түүний нөхцөл байдал, өөрчлөлт нь улс орон бүрийн хувьд өөрийн гэсэн онцлог шинж чанартай байдаг.  Гэмт хэрэг нь улс орны эдийн засгийн чадавх доройтож ажилгүйдэл, ядуурал нэмэгдэхэд даган нэмэгддэг зүй тогтолтой.

Гэмт хэргийн эрсдлийн индекс

2017 онд гэмт хэргийн эрсдэлийн индекс өмнөх оноос 0.3 нэгжээр буурч 6.0 нэгж гарсан байна. Үүнд нийгмийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 50%-аар буурсан нь нөлөөлсөн.

2017 онд Монгол улсад нийт 32,259 гэмт хэрэг бүртгэгдэж, гэмт хэргийн улмаас 10,513 хүний бие махбодь гэмтэж, 1,129 хүн нас барж, 198 тэрбум төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирч, 9,019 хүн шүүхээр ял шийдвэрлүүлжээ. Нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 68% нь Улаанбаатар хотод 32% нь хөдөө орон нутагт гарсан бөгөөд аймгуудаас Орхон, Төв аймгуудад хамгийн их гэмт хэрэг бүртгэгдсэн байна.

2017 онд улсын хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэргийг төрлөөр нь ангилбал өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг болох хулгайн сэдэлтэй гэмт хэрэг нийт гэмт хэргийн 64%-ийг эзэлж байна. Монгол улсад гэмт хэрэгт холбогдсон 10 хүн тутмын 5 нь ажилгүй, 4 нь бүрэн дунд боловсролтой иргэд байсан бөгөөд 10 гэмт хэрэг тутмын  3 нь согтуугаар үйлдэгдсэн байна. Үүнээс харахад хүн амын боловсролын түвшин, ажилгүйдлийн түвшин, архи согтууруулах ундааны хэрэглээ нь нийгэмд гэмт хэрэг өсөхөд шууд нөлөөлдөг байна.

Тиймээс гэмт хэргийн эрсдэлийг бууруулахын тулд архи, согтууруулах ундааны хэрэглээг бууруулах, боловсролын түвшинг дээшлүүлэх, эдийн засгаа төрөлжүүлж ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Жишээлбэл 2005 онд  АНУ-н Өмнөд Дакота муж улсад согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг дараа нь байнгын хяналтад байлгах болсон нь тус мужийн гэмт хэргийн гаралтыг мэдэгдэхүйц бууруулсан байна.


10 дахь удаагийн “Монгол Улсын Эрсдэлийн Удирдлагын Форум” арга хэмжээ
11 сарын 13-нд Туушин зочид буудалд зохион байгуулагдах гэж байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.