Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/11-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Гантулга: Монголд бол "Би хийгээгүй" гэж мэдэгдэл гаргаж, хийсэн хэргээ нуугаад өнгөрдгийг харууллаа

Г.Мөрөн, iKon.mn
2019 оны 11 сарын 11
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярын үйлдсэн гэх хэрэгтэй холбоотойгоор өнөөдөр Хөдөлмөрийн үндэсний намаас мэдээлэл хийлээ.  

Хурлын эхэнд ёс зүйгүй үйлдэл гаргасан албан тушаалтанд хариуцлага тооцох ёстой хүмүүс нь өмгөөлөх хандлагатай ярьж байгаад эгдүүцэж байгаагаа тус намынхан илэрхийлсэн юм. Хөдөлмөрийн үндэсний намаас ҮХЦ-ийн даргыг огцруулах шаардлагыг арваннэгдүгээр сарын 1-ний өдөр Улсын их хуралд өгсөн боловч өнөөг хүртэл ямар нэгэн хариу ирүүлээгүй байгаа аж. 

Б.Мөнхсоёл: Цэцийн дарга гаргасан үйлдэлдээ уучлалт гуйж, огцрох хэрэгтэй

 
Гэрэл зургийг Mpa.mn

ХҮН-ын гишүүн, эдийн засагч Б.Мөнхсоёл “Өнөөг хүртэл өндөр албан тушаалтнууд алдаатай, буруутай үйлдэлдээ уучлалт гуйж сураагүй. Тиймээс Үндсэн хуулийн цэцийн дарга гаргасан үйлдэлдээ уучлалт гуйж, огцрох хэрэгтэй. Энэ нь нийгэмдээ ёс зүйн хэм хэмжээг тогтооход нэмэртэй гэж үзэж байна. Өндөр албан тушаалтнууд өөрсдөө ёс зүйгүй үйлдлийг давтан гаргаад байхаар нийгэм төлөвшиж, соёлжиж, хөгжиж чадахгүй байна. Иргэдэд ёс зүйн үлгэр дуурайлал үзүүлэхийг шаардаж байгаа” гэв. 

Ц.Баттуяа: Өөрийн саналаар огцрохгүй бол УИХ-аас эгүүлэн татахыг шаардаж байна

 
Гэрэл зургийг mpa.mn

Түүнчлэн хуульч Ц.Баттуяа хэлэхдээ “ Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга нь тухайн үед улсын нэрийн өмнөөс улсын ажлыг хийхээр зорчиж явсан. Хэрвээ хувийн ажлаар явахдаа ийм үйлдэл хийсэн бол энэ хүний л асуудал байх байсан.

Гэвч бидний нэрийг барьж явахдаа ийм ёс зүйгүй үйлдэл гаргасан нь тэвчишгүй явдал” хэмээгээд Үндсэн хуулийн цэцийн дарга нь өөрийн саналаар огцрохгүй бол УИХ-аас эгүүлэн татахыг шаардсан юм. 

"Цэц ийм байдлаар ажилладаг юм бол өмнөх шийдвэрүүдэд нь яаж итгэх вэ"

 
Гэрэл зургийг mpa.mn

Мөн тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Гантулга “Хэргийн талаар мэдээлэл хэвлэл мэдээллээр цацагдаж эхэлмэгц, ҮХЦ-ээс мэдэгдэл гаргаж, Д.Одбаяр дарга хийгээгүй, арын суудалд нь явсан хүн хийсэн гэсэн.

Гэвч Солонгост дахин очиж мэдүүлэг өгөхдөө өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрсөн. Монголд бол "Би хийгээгүй" гэж мэдэгдэл гаргаж, хийсэн хэргээ нуугаад өнгөрдөг гэдгийг харуулж байна.

Мөн Үндсэн хуулийн цэц гэдэг байгууллага институцийнхаа хувьд ялзарсан гэдэг нь харагдаж байгаа юм. Үндсэн хуулийн цэц иймэрхүү байдлаар ажилладаг юм бол өмнө нь гаргаж байсан шийдвэрүүдэд яаж итгэх вэ” гэсэн юм.