Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/04-НД НИЙТЛЭГДСЭН

Монголбанк сард хагас тэрбум доллар зах зээлд нийлүүлэх нь хэвийн үү?

Б.Ану
2019 оны 11 сарын 4
iKon.MN

Монголбанк өнгөрсөн аравдугаар сард 468 сая доллар буюу бараг хагас тэрбум долларыг дуудлага худалдааны явцад арилжааны банкуудад нийлүүлээд байгаа нь анхаарал татаж буй.

Монголбанкны хувьд өмнөх саруудад, өнгөрсөн жилийн өдийд ямар хэмжээний гадаад валютын дуудлага худалдаа хийж байсан бэ гэдгийг сайтаас нь харвал энэ оны есдүгээр сард гэхэд аравдугаар сараас 5 дахин бага буюу 97 сая долларыг нийлүүлсэн байх юм.

Тэгвэл 2018 оны мөн үе буюу аравдугаар сарыг авч үзвэл төв банк нийт 267 сая долларыг нийлүүлж байжээ.

2018 оны нэгдүгээр сараас эхлэн сард нийлүүлдэг долларын хэмжээгээр 2019 оны аравдугаар сар тэргүүлсэн байгааг та дор үзүүлсэн графикаас харж болно.

График 1, Монголбанкны валют дуудлагаар худалдсан нийт хэмжээг 2018, 2019 оны саруудтай харьцуулбал:

Ийнхүү их хэмжээгээр валют нийлүүлэх болсон шалтгаан нь Монгол Улс Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагын санхүүгийн хяналт буюу саарал жагсаалтад багтсантай холбоотойгоорх зах зээлийн сөрөг хүлээлтийг илэрхийлж буй үзүүлэлт гэж хэлж болохоор байна. 

Монголбанкны сайтад мэдээлснээр гадаад валютын албан нөөц (ГВАН) есдүгээр сарын байдлаар 3.98 тэрбум долларт хүрээд буй. Тэгвэл нэгхэн сарын дотор эдийн засагт бий болсон эрэлт хэрэгцээний улмаас төв банк нөөцийнхөө 10 хувийг зарцуулжээ.

Зарим албан тушаалтан, эдийн засагчийн хувьд саарал жагсаалтад орох нь тийм ч сүртэй зүйл биш гэх тайлбарыг өгөөд буй. Үнэндээ Монгол Улсын ГВАН-ийн 10 хувийг сарын дотор зах зээлд нийлүүлэх нь төгрөгийн ханшинд ямар их дарамт учруулж буйг харуулж байна.