Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/19-НД НИЙТЛЭГДСЭН

Дугуйн уралдаанд нийт 300 гаруй тамирчин оролцжээ

А.Намуун, iKon.mn
2019 оны 10 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хот байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд "Иргэдийн спортын VIII их наадам"-ыг энэ амралтын өдрүүдээр зохион байгуулж байгаа билээ.

Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Монголын Дугуйн холбоо хамтран өнөөдөр дугуйн парад, уралдааныг зохион байгуулсан юм.

Тус уралдаанд нийт 300 гаруй мэргэжлийн спортын тамирчин болон сонирхогч оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорив. 
 

Монголын дугуйн холбооны ерөнхийлөгч П.Ганхүү “Дугуйн спортоор хичээллэгсдийн тоо нэмэгдэж, 300 мянгад дөхөж байна.

Дугуйн спорт хамгийн олон сонирхогч тамирчинтай спорт болон хөгжиж байгаа нь цаашид манай залуус энэ төрөлд улам их амжилт гаргах боломж, ирээдүй харагдаж байгаа юм. Монголын дугуйн спортын тамирчид олон улсын тэмцээн, уралдаанд тогтмол амжилт үзүүлж байгаа.

Цаашид холбооны зүгээс мэргэжлийн тамирчдынхаа чансааг улам нэмэгдүүлж, олимпийн наадамд тамирчдаа бэлтгэн оролцуулах зорилт тавин ажиллаж байна.

Үүний тулд дугуйн мэргэжлийн спортын цогцолбортой болох үүднээс гадна, дотны хүмүүстэй уулзаж, санал бодлоо солилцон, дугуйн спортод хөрөнгө оруулахаар ажиллаж байна” гэв.

Мөн тэрбээр, энэ жил Монголын дугуйн холбоо үүсэн байгуулагдсаны 60 жилийн ой тохиож буй бөгөөд өнөөдрийн арга хэмжээ нь биеийн тамир, спортыг хөгжүүлж, иргэдэд эрүүл амьдрах дадал, хэвшил олгох хүрээнд бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдэд унадаг дугуйн ач холбогдлыг сурталчлан таниулахад чухал үр нөлөөтэйг онцлосон юм.  

Иргэдийн спортын VIII их наадмыг спортын найман төрлөөр, иргэд, оюутан залуус, сурагчдын дунд спортын таван төрөлт тэмцээнийг нас насны ангилалаар гурван үе шаттай зохион байгуулж байна.