Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

Сурвалжилга: Сайжруулсан түлшинд мод их ордог ч илч сайтай

Б.Бадралмаа, Үндэсний шуудан
2019 оны 10 сарын 18
Үндэсний шуудан
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Өвөлдөө ойр орчмын газар харагдахгүй, битүү утаанд амьдардаг нийслэлчүүд утаа багасна гэдэг итгэл тээсээр энэ өвөлтэй золгож байна.

Гэтэл шахмал түлш хэрэглээнд нэвтрээд удаагүй ээлжит дуулиан эхэлж, хэдэн гэр бүл нулимстай нүдтэй үлдлээ. Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нийслэлд түүхий нүүрс хэрэглэхийг хориглож, сайжруулсан шахмал түлш түлэхийг шийдвэрлэсэн.

Үнэхээр агаарын бохирдол буурч, утаа багассан гэдгийг дүгнэх арай эрт байна. Нөгөө талдаа олон хүн угаарын хордлогод орж, зургаан хүний амь нас эрсэдсэн тохиолдлоос болж иргэд нүүрс түлэхээс айж, модоор галлаж эхэлжээ.

Энэ талаар сурвалжилга хүргэхээр бид Баянзүрх дүүргийн X хорооны нутаг буюу “Цайз зах”-ыг зорилоо.

Барилгын материал, модны худалдааны гол цэг болсон энэ захаас нийслэлчүүдийн нэлээд хувь нь өвлийн түлшээ бэлтгэдэг. Автобусны буудлаас эхлээд машин дүүрэн нүүрс, шуудайтай мод эгнүүлэн зардаг худалдаачид энэ жил цөөрчээ. Үдээс өмнө тус захад очиход хөл хөдөлгөөн багатай, эл хульхан байв. Хаалгаа дэлгэсэн том хашаанд зүссэн банз, хөрөөдөж бэлтгэх түлшний мод тэвхийлгэн хураажээ.

Энд тэндгүй цахилгаан хөрөө, банз зүсэх дуу гарч, чимээ шуугиан ихтэй байв. Гэхдээ энэ дуу шуугианд мод, түлээ шуудайлах, нарийн хөрөөдсөн банзыг хураах зэрэг гар доорх ажлыг настай хүмүүс хийх нь элбэг юм.

Модны захын худалдагч нар банзаа хурааж, жижиглэсэн модоо уутанд савлан чөлөө завгүй ажиллана. Хураасан банзны өмнө шуудайлсан модоо эгнүүлэн өрж зогсох 60 орчим насны эмээтэй цөөн хором ярилцав. Баянзүрх дүүрэгт байрлах Монелд амьдардаг энэ эмээ модны захын худалдаачдад тусалж, мод шуудайлж, өдрийн 15-30 мянган төгрөгийн цалин авдаг гэнэ.

Тэрбээр “Модны худалдаа улирлын чанартай. Энэ жил харьцангуй дулаан болохоор хүмүүс оройтож түлшээ бэлтгэж байх шиг байна Саяхнаас мод худалдаж авах нь ихэссэн. Ингэхдээ худалдан авалт арай нэмэгдчихсэн юм шиг байна Мод авахаар нэг ирсэн хүн дор хаяж 2-3 шуудай мод авдаг. Машинаар нь ачаад явах хүмүүс ч бий. Шуудайлж савласан моднууд өдөртөө бараг дуусчих гээд байна.

Шуудайлж жижиглэсэн модны бөөний үнэ 1,800-4,500 төгрөг байгаа. Хөрөөдөж бэлтгэсэн модноос гадна модны холтос, банзны хугархайг худалдаж авах нь элбэг байдаг. Эгч нь энэ хаягдлыг том шуудайнд савлаж 7,000-8,000 төгрөгөөр худалддаг юм. Би өөрөө ч хаягдал модноос чадлаараа гэр рүүгээ аваад явдаг. Энэ жил сайжруулсан түлш түлж байгаа. Сайжруулсан түлшинд мод түлхүү ордог юм билээ.

Тэгээд удаж байж асдаг. Дээрээс нь дахиад нүүрс хийх гэхээр цоггүй унтарчихна. Сая хэд хоног хүйтрэхээр нь шөнө нүүрс хийчихээд, өглөө босоход толгой өвдчихөөд байсан.

Зөндөө хун угаартаж нас барсан гээд мэдээ гарахаар нь айгаад шөнө түлж чадахгүй байгаа. Орой эндээс авч явсан жаахан модоороо гэрээ дулаацуулаад унтаад өгдөг юм. Өвөл болохоор яахаа мэдэхгүй байна” хэмээн ярилаа. Энэ жил модны үнэ 500 төгрөгөөр нэмэгдсэн ч, эрэлт ихэссэн гэдгийг худалдаачид хэллээ. Энэ талаар худалдагч Л.Хүрэлээ “Модны үнэ энэ жил бага зэрэг нэмэгдсэн.

Гэхдээ бид үнийг нь нэмчихдэг юм биш. Хөдөө орон нутгаас оруулж ирэхэд үнэ нь нэмэгдсэн. Ер нь намартаа модны үнэ өсөх хандлагатай байгаад өвөл гайгүй босчихдог юм. Манайх барилгын хавтан зардаг болохоор заримдаа муу хавтан орж ирнэ. Ийм хавтанг галын түлшинд хэрэглэхээр хүмүүс их худалдаж авдаг юм. Модноос арай хямд үнэтэй, эрэлт ихтэй. Энэ жил модны үнэ нэмэгдсэн ч худалдан авалт сайжирсан байна.

Мод авч байгаа хүмүүсийн хэлж байгаагаар “Сайжруулсан түлшинд мод их орж байна гэсэн" хэмээн ярилаа. Харин өөрийгөө Н.Одсүрэн хэмээн танилцуулсан модны худалдаачин ‘Түлшний модны эрэлт арваннэгдүгээр сард ихэсдэг юм.

Энэ жил портер мод 280 мянган төгрөгийн үнэтэй байна. Манайд хөдөө орон нутгаас захиалга их ирдэг. Хөдөөний айлууд өвөл багадаа гурван машин мод түлнэ. Улаанбаатарт машин мод аваад түлэх хүн ховор шүү дээ. Ихэвчлэн зах банз, шуудайлсан мод жижиглэнгээр аваад түлдэг. Үдээс өмнө мод, нүүрс худалдаж авах эрэлт нь бага байдаг юм. Ажлын цаг дуусаад оройны 21.00 цаг хүртэл хүний хөл тасрахгүй шүү.

Мөн энэ модны захын холтос, модны хаягдал түүж амьжиргаагаа залгуулдаг хүмүүс их байдаг. Энэ нь ихэвчлэн настай хүмүүс. Сүүлийн үед тэр хүмүүс хаягдал модоо зарахаасаа илүүтэй өөрсдөө түлэх нь их болсон шиг байна.

Аравдугаар cap дундаа орчихсон намрын өдрүүдэд хүйтний эрч чангарч, өглөө оройдоо чихний үзүүр тас няс хийдэг сэн. Энэ жил цаг агаар тогтуун, налгар намар болж байна Хасах 40 хэм хүрдэг өвлийн өдрүүдийг нийслэлчүүд айдастай хүлээн сууна.

Зураг