Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол, Тувагийн тэргүүнүүд Кызыл-Курагино төмөр замын асуудлыг хэлэлцэнэ

Г.Од
2019 оны 10 сарын 15
www.mongolianminingjournal.com
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай аравдугаар сарын сүүлчээр Тувагийн Бүгд Найрамдах Улсын төрийн тэргүүн Шолбан Кара-оол уулзаж, эрчим хүч болоод тээврийн салбар дахь төслүүдийн талаар санал солилцохоор төлөвлөжээ.

Кызыл-Курагино чиглэлийн төмөр замын шугамыг  үргэлжлүүлэн Монгол Улсын нутгаар дамжин Хятад хүргэх асуудлыг хэлэлцэх хүсэлтэй байна” хэмээн Тувагийн тэргүүн “Интерфакс” агентлагт мэдэгдсэн байна.

Мөн уулзалтаар  хоёр талын эрчим хүч нийлүүлэх хамтын ажиллагааны асуудлыг хөндөх аж. Саяно-Шушенскийн УЦС-аас эрчим хүч Монголын баруун бүсийн нутгуудад нийлүүлэх боломжтой гэдгийг тэрээр тодруулжээ.

Элегестийн нүүрсний ордыг Транссибирийн төмөр замтай холбох Кызыл-Курагино чиглэлийн 410 км төмөр замын барилгыг РЖД компани нь энэ онд багтаан эхлүүлэхээр төлөвлөж буйгаа мэдэгдсэн.  Төмөр замыг 4-4.5 жилийн хугацаанд барьж байгуулахаар төлөвлөж байгаа юм.

2018 оны дөрөвдүгээр сард ОХУ-ын Засгийн газраас “Кызыл-Курагино” төмөр замыг концессоор  байгуулах  тухай зөвшөөрлийг баталсан. Засгийн газрыг төлөөлөлж захиалагчаар “Росжелдор”, концесс хэрэгжүүлэгчээр Лидер групп  (47.5%), “Тувагийн эрчим хүчний корпораци” (47.5%) болон РЖД (5%) хамтарсан компани байх юм.

Төслийн нийт хөрөнгө оруулалтын 15%-ийг концесс хэрэгжүүлэгчид өөрсдийн хөрөнгөөс, үлдсэн 85%-ийг хамтарсан компани зээлээр санхүүжүүлэх аж.  Кызыл-Курагино  төмөр зам нь жилд 15 сая тонн ачаа тээх хүчин чадалтай. Энэхүү төмөр замыг шугамыг үргэлжүүлэн Монголын нутагт шинээр баригдах төлөвлөгөөтэй Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замтай холбохоор Оросын тал сонирхолтой байгаа юм.

Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Аспайр Майнинг” компани нь Монгол Улсын Хөвсгөл аймагт коксжих нүүрсний Овоот төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн хүрээнд ордыг Эрдэнэтийн төмөр замын өртөөтэй холбох 574 км төмөр зам байгуулах төлөвлөгөөтэй. Тус компани тослог чанар нүүрсийг Оросын нутгаар дамжин Япон, Зүүн хойд Азийн орнууд руу  экспортлох зорилттой. Энэ зах зээлд Оросын Кузбасс, Юбилейнний, Расспадская зэрэг уурхайн бүтээгдэхүүнтэй өрсөлдөнө гэдгийг “Аспайр Майнинг” компанийн Гүйцэтгэх захирал З.Ган-Очир “Coal Mongolia 2019” чуулган дээр хэлсэн байдаг.

Тэрээр Эрдэнэт-Овоот чиглэлийн 547 км төмөр зам барихаар төлөвлөж байсан ч Овоот төслөө эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд эхний арван жилд авто зам барих хувилбартай байгааг онцолсон юм.  Уг төмөр замын шугам нь Монгол, Орос, Хятадын “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрт ч тусгагдсан билээ.

Зураг