Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

"Лего" компани тоглоомын хаягдлыг дахин ашиглах арга туршиж байна

О.Даваажаргал, iKon.mn
2019 оны 10 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Данийн, тоглоом үйлдвэрлэгч "Лего" компани зарим хэрэглэгчдийн ашиглахаа больсон тоглоомыг хэрэгтэй байгаа бусад хүүхдэд өгөх замаар хуванцрын хаягдлаас сэргийлэх ажлыг туршиж байна. 

Тухайлбал, АНУ дахь хэрэглэгчид тус компанийн цахим хуудаснаас шуудангийн маркийг хэвлэн авч, лего тоглоомынхоо хуучирсан болон хэрэглэхээ больсон хэсгүүдийг хайрцаглан үнэгүй илгээх боломж бүрдүүлжээ. Ийнхүү ирсэн тоглоомын хэсгүүдийг "Лего" компани дахин ашиглахад бэлэн болгон цэвэрлээд “Teach for America” хэмээх ашгийн бус байгууллагаар дамжуулан АНУ дахь сургуулиудад хандивлах бол заримыг нь Бостоны охидын клуб, хөвгүүдийн кэмп рүү хичээлээс бусад хөтөлбөрт ашиглуулах зорилгоор олгох ажээ. 

Туршилт амжилттай хэрэгжвэл ирэх жилээс цар хүрээгээ тэлж, АНУ-аас бусад улс оронд хэрэгжүүлэх боломжтой гэдгийг "Лего" мэдэгдэв. 

Энэ ажлын хүрээнд тус компани легоны хэсгүүдээ хаялгүйгээр хэрэгтэй нэгэнд нь өгөхийг хэрэглэгчдэдээ зөвлөж байна. 

Дэлхийн томоохон бусад брэндийн адил "Лего" нь байгаль орчин дахь хуванцрын хаягдалд санаа зовж буй хэрэглэгчдийнхээ хүсэл сонирхолд нийцэхийг хичээж буй. Хуванцар нь байгальд гүйцэд задардаггүй бөгөөд түүний эвдэрч хэмхэрсэн жижиг хэлэтрхийнүүдийг шувууд болон амьтад идсэнээр эрүүл мэндэд нь аюул учруулах болсон билээ. 

Тийм ч учраас "Лего" компани тоглоомынхоо материалыг өөрчлөх талаар судалж байгаа ч хуванцар шиг удаан эдэлгээтэй материал олоход хүндрэлтэй байгаа талаар компанийн Байгаль орчин хариуцсан дэд ерөнхийлөгч Тим Брүүкс яриад "Гэсэн хэдий ч өнгөрсөн жилээс чихрийн нишингийн мод, бутыг ашиглаж эхэлсэн" хэмээн ярьжээ. 

"Монополь", "Ноён Төмсөн толгойт" зэрэг тоглоом үйлдвэрлэдэг, "Лего"-ийн өрсөлдөгч "Хасбро" компани 2022 он гэхэд хуванцар сав баглааг халах зорилт тавьсан тухайгаа мэдэгдсэн. Гэвч хуванцрыг орлох материал олох нь сорилт болж буй талаар мөн ярьжээ. 

 

Эх сурвалж: Associated Press