Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

"Насанд хүрээгүй гэрч, хохирогчийг хамгаалах өрөө”-г шүүхийн байранд тохижуулав

ikon.mn
2019 оны 9 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Э.Батбаяраар ахлуулсан баг энэ сарын 24-26-нд Ховд аймгийн шүүхэд ажиллалаа. Ховд аймгийн шүүхийн тамгын газрын өргөтгөлийн барилгын үйл явцтай танилцахдаа гүйцэтгэгч байгууллагын албан тушаалтнуудтай уулзаж үүрэг даалгавар өгсөн юм.

Мөн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудтай уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо.

Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас санаачлан Засаг даргын тамгын газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран "Насанд хүрээгүй гэрч, хохирогчийг хамгаалах өрөө”-г шүүхийн байранд шинээр тохижуулсан юм. Уг өрөөний нээлтийг энэ сарын 25-нд хийж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Э.Батбаяр оролцов.

Түүнээс гадна Ховд аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, нутгийн өөрөө удирдах байгууллага, хуулийн байгууллага, хүүхдийн төлөөх байгууллагуудын удирдлагууд нээлтэд оролцлоо.

"Насанд хүрээгүй гэрч, хохирогчийг хамгаалах өрөө”-г шүүхийн байранд байгуулснаар шүүх хуралдаанд хүүхэд оролцох шаардлагатай үед хэргийн оролцогчдоос тусгаарлан онлайнаар оролцуулах боломж бүрдэж байгаа юм. Хүүхдийн эрхийг шүүхийн шатанд хангах боломжийг бүрдүүлсэн уг өрөөг тохижуулах төслийг шүүхийн тамгын газраас бичиж, нутгийн өөрөө удирдах байгууллага, хүүхдийн төлөөх байгууллагуудын дэмжлэг авснаар ийнхүү ажил болжээ.

  

Эх сурвалж: Ховд аймаг дахь шүүхийн тамгын газар