Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/24-НД НИЙТЛЭГДСЭН

"Замын зарим хэсгийг өнөөдрийг хүртэл хуулаагүй байхад сайд нь "Дарханы зам XI сард ашиглалтад орно" гээд байгаа"

Г.Номин, iKon.mn
2019 оны 9 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймгийн залуучуудын байгууллагууд, иргэдийн төлөөлөл өнөөдөр Дарханы замын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

Дархан-Уул аймгийн Залуучуудын холбооны тэргүүн Ж.Ганболд "2019 оны зургаадугаар сарын 1-ний өдөр Ерөнхий сайд Дарханы зам дээр очоод тууз хайчлаад, замын ажил албан ёсоор эхэлж байгааг зарлаад явсан. Ингээд салбарын сайд нь удаа дараа энэ зам 11 дүгээр сард ашиглалтад орно хэмээн мэдэгдсээр байгаа ч орон нутгийн иргэдийн хувьд итгэхгүй байна.

Анх Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хоёр эгнээ зам тавина гэж ярьж байснаа Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас бас санхүүжилт авч дөрвөн эгнээ зам тавина гэх мэдээлэл гарах болсон. Гэтэл бодит байдал дээр замын ажил наймдугаар сарын дундаас эхэлсэн гэж хэлж болно. Байнга зорчиж байгаа орон нутгийн иргэдийн хувьд маш тайван, хүлцэнгүй хандсаар өдийг хүрсэн ч энэ ажилд хэн хяналт тавьж байна вэ, санхүүжилт нь яг шийдэгдсэн юм уу гэдэг нь эргэлзээтэй байсаар байгаа.

Замын зарим хэсгийг өнөөдрийг хүртэл хуулаагүй хэр нь сайд нь "Дарханы зам арваннэгдүгээр сард ашиглалтад орно" гэж хэлээд байж байна. Байнга зорчиж байгаа бидний хувьд энэ зам арваннэгдүгээр сар гэхэд ашиглалтад орох боломжгүй гэж харж байгаа. Тиймээс дээр дурдсан тодорхойгүй зүйлсийг тодруулахаар өнөөдрөөс холбогдох байгууллагуудад нь хандана" хэмээн ярилаа.

"Зам тээврийн ослын бүх бурууг ард түмэнд нялзааж байгааг хүлээн зөвшөөрөхгүй"

Түр замын нөхцөл үнэхээр хүнд, арчилгаа байхгүй, тоосжилт ихтэйгээс үүдэн зам тээврийн ослын тоо нэмэгдэж иргэд амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсоор байгааг мөн хэлж байв.

 
Гэрэл зургийг mpa.mn

Энэ талаар Орхон аймгийн иргэн, Монгол Улсын зөвлөх инженер Д.Энхзориг "Би 2003 оноос хойш автозамын салбарт ажиллаж байгаа. ЭМЯ, ЗТХЯ, ХЗДХЯ гэсэн гурван яам хамтран "Замын хөдөлгөөний аюулгүй байдлын цагаан ном"-ыг гаргасан байна. Уг номын 13 дугаар хуудаст замын ослын шалтгаан нөхцлийн талаар бичсэн байх бөгөөд Монгол Улсад бүртгэгдсэн зам тээврийн ослын 97.7 хувь нь жолоочийн буруутайгаас, 2.1 хувь нь явган зорчигчийн буруутай үйлдлээс, 0.2 хувь нь замын нөхцөл байдлаас үүдэлтэй хэмээн дүгнэжээ. Тэгэхээр 99.8 хувь нь ард иргэдийн буруугаас үүдэлтэй хэмээн гурван яам хамтраад дүгнэсэн байгаа юм. Үүнийгээ сурталчилж, хотоос орон нутаг руу гарсан зам бүр дээр "зам тээврийн ослын 97.7 хувь нь жолоочийн буруутайгаас үүдэлтэй" гэсэн самбар байршуулсан.

Номын яг тэр хуудаст мөн гадаад орнуудын жишээг дурдсан байгаа юм. Европын холбооны улсад замын нөхцөл байдлаас шалтгаалсан ослол 22-28 хувь байдаг гэсэн байна. Харин Монгол Улсад зам тээврийн салбар маш сайн хөгжсөн учраас замын нөхцөл байдлаас үүдэлтэй осол 0.2 хувь хэмээн дүгнэж байгаа юм уу.

Гадаад орнуудад төрийн хариуцаж байгаа хоёр үндсэн асуудал буюу замын нөхцөл байдал, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаас зам тээврийн ослын 40 орчим хувь хамаардаг гэж үздэг. Гэтэл манайхан замаа ямар ч асуудалгүй гэж үзээд, тээврийн хэрэгслийн оношилгоо хийгээд бүтэн жилээр явах эрх өгдөг учраас бүх бурууг ард түмэнд нялзааж байгааг залуучууд бид хүлээн зөвшөөрөхгүй.

Мөн замын байгууламжийг барьж байгуулахын өмнө түр зам тавих ёстой. Гэтэл ямар ч төлөвлөлтгүй, үзэгдэх орчин хязгаарлагдмал, стандарт хангаагүй түр замыг тавих ажил одоог хүртэл дуусаагүй байна. Иргэд ихэвчлэн зүгээр хөдөө замаар зорчиж байгаа" гэдгийг хэллээ.

Иргэдийн хувьд замаас үүдэн гарч буй асуудлуудаа олон нийтийн сүлжээнд маш ихээр илэрхийлж байна. Үүнд замын нөхцөл муу, галт тэрэгний тасалбар хоёр хоногийн өмнөөс захиалж авах болсноос үүдэн шаглах явдал гарах болсон, зам өнгөрүүлэх хугацаа болон шатахууны хэмжээ хоёр дахин нэмэгдсэн,  автомашины эвдрэл тогтмол гарах болсон гомдлууд зонхилж байгаа ажээ.

Тиймээс эдгээр асуудлыг нэгтгэн төр засагт хүргэхээр Дарханы зам засвар иргэдийн хяналт фэйсбүүк группийг нээжээ. Уг группт иргэн та тухайн замын нөхцөл байдлын талаар мэдээлэл гэрэл зураг илгээмэгц тэдгээрийг багцлан аравдугаар сарын 15-нд Д.Сүхбаатарын талбайд үзэсгэлэн гаргахаар төлөвлөж байгаагаа иргэд хэлсэн юм.

Замын нөхцөл байдал орон нутагт амьдардаг иргэдэд ямар хохирол учруулж, тэдний амьжиргаанд хэрхэн нөлөөлж байгааг Ерөнхий сайд болон бусад холбогдох албаныхан ирж үзээрэй хэмээн урилаа.