Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/24-НД НИЙТЛЭГДСЭН

Жолоочийн хариуцлагыг дээшлүүлэх зорилготой "Дураараа биш дүрмээрээ" аянд нэгдэхийг уриаллаа

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 9 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Цагдаагийн ерөнхий газар болон Тээврийн цагдаагийн алба, Зам тээврийн хөгжлийн яам, НЗДТГ, "Оюутолгой" ХК хамтран "Дураараа биш дүрмээрээ" аяныг эхлүүлж байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

"Дураараа биш дүрмээрээ" аян өнөөдрөөс эхлэн хоёр сарын хугацаанд хэрэгжих аж.

Жолооч, замын хөдөлгөөнд оролцогчид Замын хөдөлгөөний дүрмээ мэдсээр байж хэрэгжүүлдэггүй

ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Д.Батжаргал “Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн зургаадугаар сарын 15-наас зам тээврийн ослыг бууруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Яараад яахав дээ” аяныг зохион байгуулсан.

Тус аяныг хүрээнд Замын хөдөлгөөний аюулгүй байдал, Тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 10 хүртэл хувиар буурсан.

Харин энэ удаад Зам тээврийн хөгжлийн яам болон Оюу толгой, НЗДТГ-тай хамтран зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөнд ороолцогчдын сахилга хариуцлага соёлыг дээшлүүлэх зорилгоор “Дураараа биш ээ дүрмээрээ" аяныг зохион байгуулах гэж байна.

Монгол Улсад  өнөөдрийн байдлаар 970 мянга орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй бөгөөд сүүлийн 10 жилд тээврийн хэрэгслийг тоо дөрөв дахин нэмэгдсэн байна.

Үүнийг даган зам тээврийн осол, хэрэг зөрчлийн тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байна.

Жолооч, замын хөдөлгөөнд оролцогчид Замын хөдөлгөөний дүрмээ мэдсээр байж хэрэгжүүлдэггүй.

Тухайлбал, явган зорчигчид зам тавьж өгдөггүй, гэрлэн дохио зөрчиж, хамгаалалтын бүсээ хэрэглэдэггүй, уулзвар гарц нэвтрэх журмын зөрчлүүд нэлээдгүй гардаг.

Тиймээс бид төв суурин газар жолоочийн хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр энэ арга хэмжээг эхлүүлж байна” гэлээ.

Замын хөдөлгөөнд оролцогсдын дүрэмч бус ажиллагаанаас болж зам тээврийн осол хэргийн ихэнх хувь нь үйлдэгддэг 

Тээврийн цагдаагийн албаны УСХ-ийн дарга Э.Бөхбат "Соёлын эх нь дүрэм. Дүрмээ биелүүлж байж л соёл, сахилгатай байна.

Цаашилбал, соёл, сахилгатай байснаар иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалж чадна.

Нийслэл хотод замын хөдөлгөөнд оролцогсдын дүрэмч бус ажиллагаанаас болж зам тээврийн осол хэргийн ихэнх хувь нь үйлдэгддэг. 

Тэр дундаа дүрмээ биелүүлээгүйн улмаас бол гарсан зам тээврийн осол 55-60 хувийн эзэлж байна.

Хэн нэгний дүрмээ биелүүлээгүй жижигхэн сахилгагүй үйлдэл нь маш олон хүний амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулдаг.

Тиймээс бид соёлын үрийг замын хөдөлгөөний дүрэмтэй уялдуулж, зохион байгуулж байгаа юм. Ингэснээр суурин газруудад маш олон хүний амь нас эрүүл мэнд аврагдана гэж тооцоолж байна.

Бид өөрсдийн гаргаж байгаа үйлдлээ зөв болгосны үр дүнд ямар нэг төсөв хөрөнгө шаардахгүйгээр түгжрэл болон зам тээврийн осол, түүнээс үүдэн хүний амь нас эд хөрөнгөөр хохирох асуудлыг маш өндөр хувиар бууруулж чадах юм.

Иймд та бүхнийг бидэнтэй нэгдэхийг уриалж байна

Харин орон нутгийн замын хөдөлгөөн сийрээгүй байгаа учраас мөн "Яараад яахав дээ" аян үргэлжилж байгаа” гэлээ.

Энгийн зүйл дээр л хүний эрүүл мэнд, амь нас тогтож байдаг

Оюутолгой компанийн гадаад харилцааны мэргэжилтэн Ё. Лхамаа “Манай компани үйл ажиллагаагаа эхлээд зургаан жил болж байна. Энэ хугацаанд бид дэлхийд хамгийн аюулгүй уул уурхайн компани болж чадсан.

Үүний шалтгаан нь ердөө аюулгүй ажиллагааны дүрмээ л дагасан байдал.

Аюулгүй ажиллагааны дүрэм, журам гэдэг бол тухайн хүний амь настай шууд хамааралтай. Машин барих нь мөн л аюулгүй ажиллагааны нэг хэсэг.

Өглөө гарахдаа машиныхаа бүрэн бүтэн байдлыг шалгачихдаг. Машиндаа өөрөө суухдаа болох хажууд суугаа хүндээ бүсийг нь зүүлгэдэг байх зэрэг хэдхэн энгийн зүйл дээр л аюулгүй ажиллагаа болон тухайн хүний эрүүл мэнд, амь нас тогтож байгаа юм.

Бид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өөрсдийн сайн туршлагаа олон нийттэй хуваалцах нь зүйтэй гэж үзсэн учраас "Яараад яахав дээ" болон "Дураараа биш ээ дүрмээрээ" аяныг мэргэжлийн байгууллагатай хамтран  хэрэгжүүлж байна" гэв.

Зам тээврийн ослын улмаас жилд дунджаар 580 гаруй хүн амь насаа алдаж, 1,300 хүн гэмтсэн байна

Зам тээврийн хөгжлийн яамны мэргэжилтэн А.Энхболд “Замын хөдөлгөөний аюулгүй байдал гэдэг бол зам тээврийн салбарын яах аргагүй анхаарах ёстой асуудал. Тэр дундаа замын хөдөлгөөний аюулгүй байдлын хангахын тулд дүрмийг сахин биелүүлэх нь маш чухал.

Жайка олон улсын байгууллагын судалгаагаар Монгол улсын замын хөдөлгөөний түгжрэл, хүндрэлтэй нөхцөл байдлын 38 хувь нь жолооч, хөдөлгөөнд оролцогчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалдаг гэсэн дүгнэлт гарсан.

Үүнийг нэг үгээр хэлбэл, замын хөдөлгөөнд оролцогчид бид өөрсдөө түгжрэлд нөлөөтэй байна гэсэн үг.

Зам тээврийн ослын улмаас жилд дунджаар 580 гаруй хүн амь насаа алдаж, 1,300 хүн гэмтсэн байна.

Азийн хөгжлийн банк болон бусад судлаачдын үзэж байгаагаар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодохгүй байх, хурд хэтрүүлэхгүй байх, хамгаалах бүсээ хэрэглэх дээр нэн түрүүнд анхаарал хандуулбал зам тээврийн ослоос болж амь насаа алдах, гэмтэх эрсдэлийг 50 хувиар бууруулах бололцоотой.

Замын хөдөлгөөний дүрэм хориглох, зөвшөөрөх зан үйлийг тодорхойлж өгдгөөс гадна замын хөдөлгөөний аюулгүй байдалд эергээр нөлөөлж байгаа зан үйлийн горимыг хориглодоггүй.

Өөрөөр хэлбэл биедээ хүндэтгэлтэй хандаж талархал илэрхийлэх, туслахыг хориглодоггүй. Тиймээс энэ аяны хугацаанд жолооч нар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж бие биедээ хүндэтгэлтэй хандах асуудлыг анхаарах хэрэгтэй” гэлээ.