Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/18-НД НИЙТЛЭГДСЭН

Туркмены авлига авсан сайд төв телевизээр олны өмнө буруугаа хүлээжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 9 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Туркменистаны ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов авлига авсан сайдаа жигшээх арга хэмжээ авсан байна.

Өнгөрсөн долоо хоногт тус улсын худалдааны сайд Амандурды Ишанов төв телевизийн сувгаар гартаа гавтай, нулимс дуслуулан буруугаа хүлээж байгааг шууд дамжуулжээ.

Тэрээр жилийн өмнө сайдын суудалд томилогдож байсан ба өнгөрсөн хугацаанд гадаадын компаниудаас авлига авч, төрөл төрөгсдөө чухал албан тушаалд томилж байснаа ярьсан байна.

Ишановын өчгийг телевизээр олон нийтэд үзүүлснээс гадна Туркменистаны засгийн газрын хуралдааны үеэр сайд, өндөр албан тушаалтнуудад үзүүлжээ. Сайдаас гадна авлигын хэрэгт холбогдсон бусад албаны хүмүүсийг энэ үеэр нийтэд үзүүлж, жигшээсэн байна.

Тэдгээр хүмүүсийг албан тушаалаас нь огцруулж, олон жилээр шоронд хорих шийтгэл оноожээ.

Засгийн газрын хуралдааны үеэр ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов улс орных нь эдийн засгийн хүндрэл бэрхшээлд энэ мэт  авлигажсан албан тушаалтнууд гол нөлөө үзүүлж байгааг тайлбарлаж, авлига хээл хахуультай тэмцэхийг уриалсан байна.

Хуралдаан уламжлал ёсоор өндөрлөж, сайд түшмэлүүд ерөнхийлөгчийнхөө уриалгыг халуун алга ташилтаар дэмжжээ.

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty