Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/12-НД НИЙТЛЭГДСЭН

"Хоёр дахь хэлэлцүүлгээр оруулсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөөр ард нийтийн санал асуулга явуулах бол АН дэмжихгүй"

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 9 сарын 12
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тохиолдуулан Ардчилсан намын санаачлагаар “Олон улсын ардчиллын өдөр”-ийг Монголд анх удаа тэмдэглэн өнгөрүүлэх гэж байгаа талаар тус намаас мэдээлэл хийлээ. Энэ сарын 13-ны өдөр Сүхбаатарын талбайд “Save democracy 2020” буюу “Ардчиллаа хамгаалъя” уриан дор тус өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх юм байна. 

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан "НҮБ-ын Ерөнхий ассамблейгээс 2007 оноос хойш жил бүрийн есдүгээр сарын 15-ны өдрийг “Олон улсын ардчиллын өдөр” хэмээн тунхагласан байдаг. Монгол Улсыг ардчилсан орон гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч, бүс нутагтаа ардчиллыг амжилттай бойжуулан хөгжүүлж буй загвар орон хэмээн үнэлдэг. Тэр тусмаа Ази дахь үлгэр жишээ ардчилсан улс гэдгээрээ дэлхий нийтийн анхаарлын төвд байдаг. Тиймээс ч “Олон улсын ардчиллын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч байна. 

Тус арга хэмжээ “Монгол Улс ардчиллын замаар 30 жил-Ардчилал бидэнд юу өгсөн бэ” сэдэвт онол практикийн бага хурал, хэлэлцүүлгээр эхэлнэ. Онол практикийн хурал Туушин зочид буудалд зохион байгуулагдах бөгөөд эрдэмтэн, судлаачид, олон улсын байгууллагууд, дипломат төлөөлөгчийн газрын зочид болон бусад  улс төрийн намын төлөөллүүд оролцох юм. Мөн энэ өдөр Сүхбаатарын талбайд гэрэл зургийн үзэсгэлэн, ардчиллын түүхийг өгүүлсэн цуврал номын нээлт, фүүд экспо, ховор автомашины үзэсгэлэн, нийслэлийн есөн дүүргийн нээлттэй өдөрлөг зэрэг олон сонирхолтой арга хэмжээ болно. 

Түүнчлэн есдүгээр сарын 13-ны орой төв талбайд Монголын хамгийн том тайз бүхий дуу, дүрсний гайхамшгийг харуулсан лазер шоу, урлагийн тоглолтыг зохион байгуулна" гэлээ.  

Дээрх мэдээллийг өгсний дараа АН-ын дарга С.Эрдэнэ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт болон ард нийтийн санад асуулгад АН ямар байр суурьтай байгаа талаар товч мэдээлэл хийлээ. 

Тэрбээр “Үндсэн хуулийн хоёр дахь хэлэлцүүлгийн төслийн тухайд бид эсрэг байр суурьтай байгаа. Яагаад гэвэл анх өргөн баригдсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл болон АН, Ерөнхийлөгчийн саналууд уг төсөлд тусгалаа олж чадаагүй. 

Хоёрдугаарт, анхны зорилтоосоо Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл ухарсан. Тиймээс хоёр дахь хэлэлцүүлгээр оруулсан төслөөр ард нийтийн санал асуулга явуулах бол АН дэмжихгүй" гэв.