Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/11-НД НИЙТЛЭГДСЭН

Абэ Шинзо танхимдаа сэлгээ хийж, Японы улс төрийн шинэ залуу одыг сайдын суудалд суулгалаа

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 9 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Ерөнхий сайд Абэ Шинзо шинэ сайд Коизуми Шинжиро нар

Японы Ерөнхий сайд Абэ Шинзо өнөөдөр Гадаад хэргийн болон Батлан хамгаалахын шинэ сайд нарыг томилж, өөрийнх нь залгамжлагч байж болзошгүй залууг Байгаль орчны сайдын суудалд томилжээ.

Байгаль орчны шинэ сайд 38 настай Коизуми Шинжиро нь Япон улсын нэр хүндтэй Ерөнхий сайд асан Коизуми Жүничирогийн хүү юм.

Ажиглагчид түүнийг Японы ирээдүйн Ерөнхий сайд болох магадлалтай хүн гэж үздэг. Коизуми саяхан Японы телевизийн хөтлөгч Такигава Кристелтэй гэрлэх болсноо ерөнхий сайдын албан байранд сэтгүүлчдийн өмнө зарлаж байв.

Тэрбээр Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш сайдын суудалд суусан гурав дахь хамгийн залуу улстөрч болж байна.

Абэ Шинзо ирэх арваннэгдүгээр сард Японы Ерөнхий сайдын албыг хамгийн урт хугацаанд хашсан хүн болох гэж байгаа. Гэхдээ тэр 2021 онд болох эрх баригч Либерал Ардчилсан Намын тэргүүний сонгуулиар солигдох төлөвтэй байгаа юм. Намын даргын суудлын төлөө өрсөлдөөн хэдийнээ эхлээд байна.

Өнөөдөр бас Гадаад хэргийн сайд Коно Тарог Батлан хамгаалахын сайдын суудалд шилжүүлж, оронд нь Мотеги Тошимицүг томилжээ.

Гадаад хэргийн шинэ сайд АНУ-тай хийж буй худалдааны гэрээ хэлцлийг ахалж ажилласныхаа төлөө шагнуулж байгаа гэж ажиглагчид дүгнэж байна.

63 настай Мотеги нь Харвардад боловсрол эзэмшсэн, 1993 онд парламентын гишүүнээр сонгогдохоосоо өмнө Маккензи зөвлөх үйлчилгээний компанид ажиллаж байжээ.

Батлан хамгаалахын шинэ сайд Коно Таро нь сүүлийн үед Өмнөд Солонгостой үүссэн маргаан зөрчилд хатуу байр суурь баримталж байсан нэгэн юм.

Абэ Шинзогийн Засгийн газрын 19 сайдын хоёр нь эмэгтэй. Тэдний нэг нь 2020 оны Токиогийн зуны олимпын бэлтгэлийг хариуцсан сайд Хашимото Сэйко юм. Тэрбээр Япон улсыг төлөөлж тэшүүрийн төрлөөр олимпын тавцанд өрсөлдөж байсан тамирчин хүн.

Нөгөө нэг эмэгтэй сайд нь Дотоод хэргийн сайд Такаичи Санае. Тэрбээр хатуу үндсэрхэг үзэлтэн бөгөөд дайны үеийн гэмт хэрэгтнүүдийг оршуулсан Ясүкүни сүмд байнга зочилдгоороо алдартай.

Абэ хоёр эмэгтэй сайдаасаа гадна Сангийн сайд бөгөөд Шадар сайд Асо Таро, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Суга Ёшихиде зэрэг гол хүмүүсээ шинэ танхимд хэвээр үлдээсэн байна.

 

Эх сурвалж: AFP