Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

Японы ерөнхий сайд болох ирээдүйтэй улс төрч телевизийн од бүсгүйтэй гэрлэхээр болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 8 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Японы эрх баригч Либерал Ардчилсан намын хууль тогтоогч Шинжиро Коизуми телевизийн нэртэй хөтлөгч бүсгүй Кристел Такигаватай гэрлэхээр болсноо өнөөдөр зарлажээ.

38 настай Шинжиро нь Японы ерөнхий сайд асан Жүничиро Коизумигийн хүү бөгөөд парламентад дөрөв дэх удаагаа сонгогдон ажиллаж байгаа, ирээдүйд ерөнхий сайд болох магадлалтай гэгддэг улс төрч юм.

Түүнтэй амьдрал зохиож буй 41 настай Кристел Такигава нь франц эцэгтэй, япон эхтэй эмэгтэй бөгөөд олон гадаад хэлтэйгээрээ алдартай хөтлөгч ажээ. Тэрээр Токио хот 2020 оны зуны олимпийн наадмыг зохион байгуулахаар нэр дэвшихэд Япон улсын саналыг танилцуулах үүргийг гүйцэтгэж байсан юм.

Хосууд ирэх жил хүүхэдтэй болох гэж байгаагаа сэтгүүлчидтэй уулзахдаа зарласан байна. Өнөөдөр тэд ерөнхий сайд Шинзо Абэд бараалхаж, гэрлэх болсноо дуулгажээ.

Абэ хосуудад баяр хүргээд өөрөө гэрлэхдээ тухайн үед ерөнхий сайд байсан эцэг Коизумид мөн ингэж дуулгаж байснаа дурссан байна.

Эх сурвалж: Kyodo News