Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/10-НД НИЙТЛЭГДСЭН

С.Амарсайхан: "Сайн" картаар иргэдийн хэрэглээг гурван тонноор хязгаарлаагүй, илүүг авч болно

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 9 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Хүйтний улирал хаяанд ирж байна. Энэ жилийн хувьд нийслэлчүүд анх удаа түүхий нүүрс бус, сайжруулсан шахмал түлш хэрэглэх гэж буй.

Шахмал түлшийг энэ сарын 15-наас Улаанбаатар хотын хэмжээнд нийт 540 цэгээр борлуулна гэдгийг нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал хэлж байв.

Одоогоор сайжруулсан шахмал түлшний хангамжийн бааз, борлуулалтын цэгүүд байгуулах, тээвэрлэх, түгээлтийн ажил явагдаж байгаа юм.

Энэ ажлын явцын талаар нийслэлийн Засаг дарга С.Амарсайханаас тодруулсан юм.

-Сайжруулсан түлш түгээх ажил ямар явцтай байгаа вэ?

-Одоогийн байдлаар нийслэлд сайжруулсан түлш борлуулах дундын 40 цэг байгуулагдсан. Үүнээс гадна дахин 14 бөөний цэгийг нээх ажил явагдаж байна. Түүнчлэн 530 гаруй жижиглэн борлуулалтын цэг байгуулах ёстой. 

Бид нүүрс борлуулах цэгүүдтэй эхнээсээ гэрээ хийн, шахмал түлшийг хүргэж байна.

Одоогийн байдлаар 160 гаруй мянган тонн түлш үйлдвэрлэж, 30 орчим мянган тонныг нь гэрээ хийсэн цэгүүдэд хүргэсэн.

Түгээлт, нийлүүлэлттэй холбоотой бүх ажил дээр нийслэлийн Засаг даргын захирамжаар 24 цагийн хариуцлагатай жижүүр гарган ажиллуулж байна.

Түгээлтийн ААН-үүд, иргэдтэйгээ бид гэрээ хийснээс гадна хорооны хэсгийн ахлагчдыг татан оролцуулж байгаа. Мөн 4,000 гаруй сайн дурын ажилчин бий.

Мэдээж бид анх удаа сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх гэж байгаа учраас хүндрэл бэрхшээлтэй асуудлууд олон гарч байгаа. 

Гэсэн ч хүйтний эрч чангарахаас өмнө цаг алдалгүй зохицуулж, иргэдийг түлшээрээ бүрэн хангагдах боломжийг бүрдүүлэхээр бүх бололцоогоо дайчлан ажиллаж байна.

-Шахмал түлш олдохгүй байна гэсэн яриа иргэдийн дунд байгаа. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Ийм буруу мэдээлэл гарч байгаа нь харамсалтай. Өнөөдрийн байдлаар иргэд сайжруулсан түлшээ авч чадахгүй, хүргэж өгч чадахгүй тохиолдол гараагүй.

Бид энэ сардаа багтаан нийт 60 мянган тонн түлшийг иргэдэд нийлүүлэхээр төлөвлөсөн. Ирэх саруудад нийлүүлэлтийн хэмжээ нэмэгдээд явах юм.

Түүнчлэн 2020 оноос өмнө нийт 460 мянган тонн шахмал түлшийг үйлдвэрлэхээр бид бүх боломжоо ашиглаж байна.

- "Сайн" картыг иргэд хаанаас худалдаж авах вэ. Иргэд картанд заасан квотоос хэтрүүлэн хэрэглэж болох уу?

- Сайжруулсан шахмал түлшийг худалдаж авахад зориулагдсан "Сайн" картыг иргэд өөрийн оршин суугаа газрын орчинд буй түлш борлуулалтын цэгээс авч болно.

Тус картыг хэрэглээнд нэвтрүүлж байгаа учир нь бид эргээд түлшний хэрэглээг хэмжих зорилготой.

Тэрнээс иргэдийн хэрэглээг гурван тонноор хязгаарлаагүй, гурван тонноос илүүг авч болно. Хамгийн гол нь тэр нь тухайн өрхийн бодитой хэрэглээ л байх ёстой.