НИЙСЛЭЛИЙН ШИНЭЧИЛСЭН БҮСЧЛЭЛ:
Дүүрэг |
Нэгдүгээр бүс /хороо/ |
Хоёрдугаар бүс /хороо/ |
Гуравдугаар бүс /хороо/ |
Дөрөвдүгээр бүс /хороо/ |
---|---|---|---|---|
Сонгинохайрхан |
21 |
1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 19, 20, 22, 23, 24, 25, 26, 27, 28, 30, 31, 32 |
|
12, 13, 14, 15, 16, 17, 18, 29 |
Баянзүрх |
20 |
2, 4, 5, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 16, 17, 19, 21, 22, 23, 24, 27, 28 |
|
1, 3, 6, 7, 15, 18, 25, 26 |
Чингэлтэй |
|
7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19 |
|
1, 2, 3, 4, 5, 6 |
Сүхбаатар |
|
9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20 |
|
1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 |
Баянгол |
|
9, 10, 11, 20, 21, 22, 23 |
16 |
1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 12, 13, 14, 15, 17, 18, 19 |
Хан-Уул |
12,13,14 |
4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 16 |
|
1, 2, 3, 15 |
Хороодын тоо |
5 |
82 |
1 |
49 |
Нийслэлийн зургаан дүүрэгт түүхий нүүрс хэрэглэхийг бүсчлэн хориглосон Засгийн газрын тогтоол 2019 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн билээ.
Үүнтэй холбоотойгоор нийслэлийн удирдлагууд нэмж зарим дүрэм журмыг гаргасаар байна. Тухайлбал иргэн бүр өөрийн амьдарч буй бүсчлэлээс хамаарч түүхий нүүрс, сайжруулсан түлш хэрэглэж болох эсэхийг шинэ журмаар шийдэхээр болсон.
Энэ тухай Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргалаас тодрууллаа.
- Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг дөрөв хуваажээ. Гэхдээ яг аль бүсэд нүүрсний хэрэглээг бүрэн хориглоод байгаа вэ?
- Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг жил бүр шинэчлэн тогтоож, бүсэд мөрдөх журмыг батлах тухай Агаарын тухай хуулийн 15.1 дэх заалт болон Засгийн газрын 62 дугаар тогтоолыг үндэслэн Агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн батлаж, дөрөв хуваасан байгаа.
Нэгдүгээр бүсэд амьдарч буй иргэн, аж ахуйн нэгж нь түүхий нүүрс хэрэглэхийг зөвшөөрсөн.
Үүнд Баянзүх дүүргийн 20 дугаар хороо, Сонгино хайрхан дүүргийн 21 дүгээр хороо Хан-Уул дүүргийн 12,13,14 дүгээр хороо багтаж байна.
Харин хоёр болон гуравдугаар бүсэд зөвхөн сайжруулсан түлш хэрэглэх буюу цахилгаан, дулаанаар халаалтаа шийдвэрлэнэ.
Үүнд нийслэлийн төвийн зургаан дүүргийн бүх гэр хорооллын айл өрх, аж ахуйн нэгжүүд хамаарна.
Агаарын чанарыг сайжруулах дөрөвдүгээр бүсэд хотын төв болон орон сууцны хорооллууд багтаж байна.
IV бүсэд түүхий болон шахмал түлшний алийг ч хэрэглэж болохгүй. Өөрөөр хэлбэл огт яндан байлгахгүй байхаар журамласан.
Дөрөвдүгээр бүсэд нийслэлийн зургаан дүүргийн нийт 49 хороо багтаж байна.
- Засгийн газрын тогтоолд яагаад заавал дээрх таван хороонд түүхий нүүрс түлэхийг зөвшөөрсөн гэж та харж байна вэ. Энэ тал дээр дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
- Агаарын чанарыг сайжруулах бүсийг тухайн агаарын бохирдол үүсгэж байгаа хүхэрлэг хий, азотын давхар исэл, нүүрстөрөгчийн дутуу исэл, Pm 2.5, РМ 10 гэх мэт элементүүд стандартад зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэд дахин илүү байгаагаар нь тодорхойлж бүсүүдийг тогтоодог.
Тухайлбал, хоёр, гуравдугаар бүсэд байгаа нийт 83 хороонд нарийн ширхэгт тоосонцор PM 2.5 стандарт хэмжээнээс 5-8 дахин их байна. Харин түүхий нүүрс түлж болох нэгдүгээр бүсэд багтсан таван хороо нь агаарын чанарын эрсдэл багаас гадна хотын төвөөс алслагдмал гэдэг утгаараа зөвшөөрөгдөж байгаа юм.
Гэхдээ хотын төвөөс хол гээд шууд л түүхий нүүрс нээлттэй хэрэглэж болно гэсэн үг биш бөгөөд холбогдох байгууллагуудын хяналт дор, тодорхой зөвшөөрөлтэйгөөр хэрэглэнэ.
- Тэгвэл гуравдугаар бүсэд яагаад ганцхан хороог оруулах болсон юм бэ?
- Гуравдугаар бүсэд ганцаараа багтсан Баянгол дүүргийг 16 дугаар хорооны айлуудыг энгийн үгээр хэлбэл зөвхөн Гандангийн гэр хороололд байрлаж буй айлууд байгаа юм.
Энэ хэсгийн айлууд хоёрдугаар бүстэй адил зөвхөн сайжруулсан түлш хэрэглэх ч гэсэн Баруун дөрвөн зам, Гандан орчим нь нийслэл хотын төв хэсэгт багтдаг төдийгүй төв зам дагуу байрладаг. Тиймээс зөвхөн энэ хэсгийг тусад нь авч үзээд байгаа юм.
- Та сая хоёрдугаар бүсэд эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд түүхий нүүрс хэрэглэж болно гэлээ. Түүнд яг ямар ААН-г хамруулж үзэх байгаа юм бол ?
- Эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй ААН-үүдэд, зөвхөн 100-с дээш квт хүчин чадалтайгаар үйл ажиллагаагаа явуулж буй 15 ААН-ийн 156 халаалтын зуух багтаж байгаа.
- Наймдугаар сарын сүүлчээр цас орж, хүйтэрнэ гэсэн. Тэгэхээр иргэд маань хүйтрэхээс өмнө сайжруулсан түлшээ хаанаас яаж худалдаж авах вэ?
- Одоогоор сайжруулсан шахмал түлшний 170 мянга тонн орчим нөөц бий.
Энэ бол нийслэлийн 200 мянган өрхийн хоёр сарын хэрэглээний нөөц гэж тооцоолж байна. Бид ирэх сарын 15-наас Улаанбаатар хотын хэмжээнд нийт 540 цэгээр шахмал түлшийг борлуулж эхэлнэ.
Одоогоор 230 гаруй борлуулагч нартайгаа гэрээ хийчихсэн түгээлт, хүргэлтийн ажлыг явуулж байна. График төлөвлөгөний дагуу бид 90 орчим цэгүүдэд шахмал түлшээ хүргэсэн.
Мөн сайжруулсан шахмал түлшний хэрэглээ ба борлуулалт нэлээд сайн хяналтын тогтолцоотой байхаар журамд заасан бөгөөд шахмал түлш борлуулах тодорхой нэг л тогтсон үнээр борлуулагдана.
Ингэхдээ Засгийн газрын тогтоолд зааснаар түүхий нүүрсний үнээс хэтрүүлэхгүй.
- Айл, өрхүүд шахмал түлшийг хэр хэмжээгээр худалдаж авах боломжтой вэ? Зарим айл өвөл хэрэглэх нүүрсээ нэг мөсөн авдаг тохиолдол анзааграгддаг.
- Бид шахмал түлш худалдан авах "Сайн" картыг есдүгээр сарын 1-нээс эхлэн хороодоор дамжуулан олгоно.
Тус картаар нэг өрхөд гурван тонн шахмал түлш хэрэглэнэ гэсэн квотыг тогтоосон.
Шахмал түлшний үйлдвэр маань анхны жилдээ ажиллаж байгаа учраас үйлдвэрлэлийнхээ хүчин чадалтай уялдуулан есдүгээр сарын 15 гэхэд иргэд болгон нэг тонныг авч болохоор картны лимитийг тавьж өгнө.
Гэхдээ шахмал түлш үйлдвэрлэж буй Таван толгой түлш ХХК нь сард 80-100 мянган тонн шахмал түлшийг үйлдвэрлэх хүчин чадалтай учраас ирэх сарын 20-н гэхэд дахиад 100 мянган тонн үйлдвэрлэгдэнэ гэсэн үг.
Тиймээс нөөцийн асуудалд санаа зовниж нэг дор тийм ихээр нь авах шаардлагагүй болов уу.
- Түүхий нүүрсийг хориглосонтой холбоотой журам, хуулийг биелүүлэхэд иргэдийн зүгээс анхаарах ёстой зүйл нь юу вэ?
- Бид бүгд л утаагүй эрүүл орчинд амьдрахыг хүсэж байгаа. Бид маш олон жил түүхий нүүрсийг хэрэглээд сураад дасчихсан.
Энэ жил анх удаа сайжруулсан шахмал түлшийг хэрэглэж эхлэх учраас хэрэглэж, суртлаа хүндрэл бэрхшээлүүд гарахыг үгүйсгэхгүй.
Сайжруулсан шахмал түлшний түүхий эд бол эх орны маань баялаг Өмнөговийн Ухаа худгаас ирж буй хамгийн сайн чанарын илчлэгтэй, угаасан нүүрс шүү дээ.
Нөгөө талаар мэргэжлийн байгууллагууд оролцсон ажлын хэсэг байгуулагдан галлагааны зааварчилгаа, зөвлөмжийг боловсруулан ажиллаж байна.
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад иргэн бүр оролцож, өөрийн хувь нэмрийг оруулж байж бид үр дүнд хүрэх боломжтой юм. Хамгийн гол нь иргэдийн маань өвлийн бэлтгэл ажлаа сайн хийж, гэр байшингаа маш сайн дулаалах хэрэгтэй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!