Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/27-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын үйлчилгээний зах зээл тасралтгүй өндөр өсөлттэй байна

ikon.mn
2019 оны 8 сарын 27
iKon.MN

Том зургаар нь харвал Монголын эдийн засаг 2018 онд  сэргэж ирсэн бөгөөд  улсын төсвийн орлого нэг их наяд төгрөгөөр давж биелсэн нь үүний нотолгоо. Харин 2019 онд Монгол банкнаас тооцоолсноор эдийн засаг 6.4% өсөлттэй гарах дүр зурагтай байсан билээ. 

 

Уул уурхайгаас төсвийнхөө орлогын гуравны нэгийг бүрдүүлдэг энэ салбараас ихээхэн хамааралтай Монголын эдийн засаг дээрхи өсөлтийг энэ жил үзүүлэх боломжтой байгаа ба эрдэс бүтээгдэхүүний үнэ харьцангуй тогтвортой байгаа нь эерэг нөлөөг үзүүлж байгаа юм.  Инфляци 8.5% байгаа нь оны эхэнд мэргэжилтнүүдийн төсөөлж байсан 7.1% с бага зэрэг өндөр үзүүлэлттэй байна.  

Энэ оны эхний 7 сард Монголын ДНБ 7% ийн өсөлттэй гараад байгаа юм. Энэхүү өсөлтийн 2.6% ийг уул уурхайн салбар бий болгосон бол хөдөө аж ахуйн салбар 0.7%  хамгийн их өсөлтийг үйлчилгээний зах зээлд 3.1% р өсөлт хийсэн нь нөлөөлжээ. Худалдааны салбарын нийт борлуулалт гэхэд эхний хагас жилд 10.8 их наяд болсон нь түүхэн үзүүлэлтэнд хүрсэн бөгөөд,  жижиглэн худалдаа зөвхөн 7 р  сард  л гэхэд 2.5 тэрбумын борлуулалттай байсан бол бөөний худалдаа 2.7 тэрбумын борлуулалттай болж өмнөх жилийн мөн үеэс 20% р өсөөд байна.   

Үйлчилгээний салбарын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл хүчтэй болж буй нь хүмүүсийн амьдралд шинэ хэв маяг бий болж өдөр тутмын амьдралд үйлчилгээний салбарын оролцоо шинэ түвшинд гарч байгаатай холбоотой. 

Худалдааны захууд хэрэглэгчиддээ хамгийн ойр дөхөм болох шаардлагатай нийцэхийн тулд хичээсээр урагшилсаар, кофе шопууд хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэглээг хангаж кофе хэмээх шинэхэн соёлыг эрчимтэй түгээж буй. Олон улсын сүлжээ дэлгүүрүүдийн шинэ шинэ салбарууд бараг л сараар бус өдрөөр үүд хаалгаа нээсээр энэ нь худалдааны салбарт өсөлт хөгжил авчирч, эргэлдэх мөнгөний хэмжээ ч хэдэн их наядад хүрчээ.

 

Энэхүү салбарт өрсөлдөөн ихсэхийн хирээр шинэхэн хорооллууд, үйлчилгээний барилгуудын 1 давхрын үйлчилгээний талбай үнэд орж, олон залуус түүн дотроо оюутан залуус ч ажилтай орлоготой болох боломжтой болж буй нь сайн хэрэг. Томоохон тоглогчид хүч түрэхийн хирээр олон улсын шинэ менежментийн урсгал энэ салбарт нэвчиж, дотоодын тоглогчид ч мөн дагаж үйлчилгээгээ сайжруулах шаардлагыг бий болгож буй нь эдийн засгийн цэвэр өрсөлдөөнөөс бий болсон давуу талууд гэлтэй.

Конвенинс дэлгүүр гэсэн шинэ стандарт Монголчууд тэр тусмаа нийслэлчүүдийн маань өдөр тутмын амьдралд орж ирээд дөнгөж 1 жил гаран болж байгаа хэдий ч өсөлтөөрөө гайхалтай амжилтыг үзүүлээд буй.  Энэ салбарт олон улсын сүлжээ Сиркл К, Си Юу сүлжээнүүд нэвтрээд буй бол үндэсний компаниуд ч мөн зах зээлд нэвтэрч эхэлсээр байгаа. Канадаас гаралтай Сиркл К энэ салбарт барууны маягийн шинэлэг стандартыг нэвтрүүлж өсөлтөөрөө түүчээлж буй бол Си Юу олон төрлийн үйлчилгээг санал болгодог.

Сиркл К гэхэд л өмнөх жилээсээ 320% ийн өсөлтийг үзүүлээд байгаа нь энэ салбарт олон боломж буйг илтгэж байгаа буй за. Сиркл К чүүд  Хот дог гэдэг шинэ бүтээгдэхүүнийг шинэ түвшинд гаргаж жилдээ давхардсан тоогоор 5 сая хүнд үйлчлээд буй нь салбарын бас нэгэн рекорд.  Борлуулалтын өсөлтөө дагаад улстаа төлөх татварын хэмжээгээрээ ч энэ салбарынхан томоохон хувь хэмжээг бүрдүүлж байгаа. Жишээлбэл: Номин сүлжээгээр нийт бичигдсэн НӨАТ ын баримт улсдаа тоогоороо тэргүүлсэн бол зөвхөн Сиркл К сүлжээ гэхэд  байгуулагдаад 1 жилийн дотор л гэхэд 1 тэрбум төгрөгийн НДШ болон бусад татварыг улсдаа төлөөд байгаа юм.    

Супермаркетийн зах зээлд Номин, И Март, Сансар, Макс, Оргил зэрэг томоохон тоглогчид буй.  Номин 51 салбартайгаар 25 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй энэ салбарын тэргүүлэгч компаниудын нэгд зүй ёсоор тооцогдоно, Солонгосын франчайз дэлгүүр И Мартын 3 дахь салбар тун удахгүй Хан уул дүүрэгт нээлтээ хийснээр энэ дэлгүүрийн зах зээлд эзлэх хувь нилээн хувиар нэмэгдэх хандлагатай байна. Өсөлтийн хувиар нь авч үзвэл И Март энэ салбарын гигантуудыг тэргүүлсээр буй.  

Нийтийн хоолны салбар цөм өссөн үзүүлэлтээр эдийн засагт бэлэг бариад буй.  Нилээн хэл аманд өртсөн ч үйл ажиллагаагаа хэвээр үргэлжлүүлж буй KFC энэ салбарт бас л онцгой тоглогч. Харин олон улсад алдартай Бургеркинг төдийлөн өндөр өсөлт үзүүлж чадахгүй л байгаа юм.     

 

Жижиглэн худалдааны салбарт онлайн худалдаа орон зайгаа мөн бага багаар ахиулсаар үүнд:   shoppy, ardshop зэрэг дэлгүүрүүдийг дурдаж болно. Санхүүгийн байгууллагуудтай хамтарсан олон үйлчилгээнүүдийг санал болгодог эдгээр дэлгүүрүүдээр үйлчлүүлэгчдийн тоо мөн л сараар бус өдрөөр нэмэгдсээр байгаа юм. Олон нийтийн сүлжээг идэвхитэй хэрэглэгчдийн харьцаагаараа дэлхийд нилээн дээгүүрт орох Монголчуудын хувьд фэйсбүүк, твиттер, инстаграмм  сүлжээнүүдээр дамжуулан мөн худалдааны зах зээл эрчимтэй тэлсээр буй. Жилдээ Монголчууд 11 орчим сая долларыг фэйсбүүкийн бүүст зардалд зарцуулдаг гэсэн тооцоо бий.         

Ийнхүү одоогийн хүрсэн түвшин нь үйлчилгээний салбарыг өндөр өсөлтөнд авайчиж буй ч эдийн засгийн нөхцөл байдалтай харьцуулахад үйлчилгээ хүн бүрт өгөөжтэй, хүрэлцээтэй бус хэвээр байгааг дурдъя. Цаашдаа энэ салбар энэ хэвээр өндөр стандартаар хөгжвөл олон боломжуудыг зах зээлд авчирах нь лавтай. Харин макро түвшинд эдийн засгийн өсөлтөө хадгалахын тулд  Монгол Улсын валютын нөөц 3.7 тэрбумын нөөцтэй байгаа ч  27.9 тэрбум ам.долларт хүрсэн гадаад өрийнхөө дарамтыг Монгол улс тасралтгүй бууруулах, худалдааны тэнцлийг хэвийн хэмжээнд хүргэх, төгрөгийн ам доллартай харьцах ханшын түвшинг нэмэгдүүлэхгүй байх шаардлагатай байна.