Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Батчулуун: Монгол Улс СААРАЛ жагсаалтад орох эсэх шийдвэр аравдугаар сард гарна

Б.Жаргалмаа, IKON.MN
2019 оны 8 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Австрали улсын нийслэл Канберра хотод ФАТФ-ын Ази, Номхон далайн бүсийн байгууллагын жилийн хурал энэ сарын 18-23-нд болсон билээ. 

Тус хуралд Монгол Улс мөнгө угаах, терроризмтэй тэмцэх чиглэлээр өнгөрсөн хоёр жилд юу хийж, ямар ахиц гарган ажилласан тайлангаа танилцуулсан юм. Тэгвэл энэ хурлын шийдвэрийг ирэх аравдугаар сард албан ёсоор танилцуулах талаар Монгобанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн албаны дарга Х.Батчулуун хэллээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улс Саарал жагсаалтад орох эсэх нь аравдугаар сард тодорхой болох юм.   

ФАТФ бол олон улсын санхүүгийн системийг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх бодлого боловсруулж хэрэгжүүлэх үүрэгтэй засгийн газар хоорондын хараат бус байгууллага. Тус байгууллага улс орнуудад 40 зөвлөмж хүргэдэг. Үүнээс Монгол Улс 20-д нь бүдэрсэн тул Саарал жагсаалтад орох нөхцөл бүрдэж, эрчимтэй хяналтад орчихоод байгаа билээ. 

Хэрэв энэ хуралд манай улс өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудын тайлангаа хамгаалж чадвал Саарал жагсаалтад орохгүй байх боломжтой. Харин чадахгүй бол уг жагсаалтад бичигдсэнээр ФАТФ-ын гишүүн, дэлхийн өндөр хөгжилтэй 37 оронтой эдийн засгийн хамтын ажиллагаа өрнүүлэх боломжгүй болох юм.

Одоогоор ФАТФ-ын СААРАЛ жагсаалтад:

  • Этиоп Улс /Ethiopia/
  • Серби /Serbia/ 
  • Шри Ланк Улс /Sri Lanka/
  • Арабын Бүгд Найрамдах Сири Улс /Syria/ 
  • Тринидад ба Тобаго /Trinidad and Tobago/
  • Тунис Улс /Tunisia/
  • Бүгд Найрамдах Йемен Улс /Yemen/ 
  • Пакистан /Pakistan/ 
  • Бахама Улс /The Bahamas/ 
  • Ботсвана /Botswana/ 
  • Гана Улс /Ghana/ 
  • Камбож Улс /Cambodia/ зэрэг улс байгаа бол

ХАР жагсаалтад:

  • БНАСАУ
  • Иран улс бичигдсэн байдаг аж.