Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/09-НД НИЙТЛЭГДСЭН

Мексикийн хар тамхины картель 19 хүний цогцсыг нийтэд үзүүлжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 8 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Мексикийн баруун бүсийн Микоакан мужийн Уруапан хотын гүүрнээс есөн хүний цогцсыг дүүжилж, замын хажууд 10 хүний цогцсыг мөчлөн орхисныг цагдаа нар олжээ.

Хар тамхины картель зориудаар ийм аймшигт үзүүлбэр зохион байгуулж, өрсөлдөгч бүлэгт анхааруулга өгсөн байна.

Гүүрэн дээр үлдээсэн бичээсээс харвал сүүлийн үед Мексикт хүчээ аваад байгаа Халисто картель аллагыг үйлдэж, өрсөлдөгч Виаграс бүлэгт хаяглажээ.

2006-2012 онд Мексикт болсон хар тамхины картелиудын дайны үеэр ийм үзэгдэл түгээмэл байв. 

Картель хоорондын дайн дахин эхлэх аюул ойртсоныг энэ явдал харуулж байгааг тус улсын хуулийнхан анхааруулсан байна. Ялангуяа Халисто картель сүүлийн үед өрсөлдөгчид болон засгийн газрыг янз бүрийн аргаар сүрдүүлэх нь нэмэгджээ.

Тавдугаар сард бөөрөн дээрээ “CJNG” (Халисто бүлгийн бүтэн нэрийг испани хэлээр бичсэн товчлол) гэсэн бичигтэй машинуудын цуваа Микоакан мужийн Замора хотын гудамжаар шөнө явахдаа цагдаа нар руу гал нээж, хэд хэдэн албан хаагчийг алж, шархдуулж байв.

Өмнөх дайнаас хойш хар тамхины бүлэглэлүүд аллагаа нууж, цогцсыг бөөнд нь булах, химийн хүчилд уусгах арга хэрэглэдэг болоод байжээ. Харин ингэж нийтэд үзүүлэх явдал ховордоод байсан юм.

2012-оос 2015 оны хооронд Мексикт гарсан аллагын тоо огцом буурахад олон хүн баярлаж байв. Гэвч өнгөрсөн оноос дахин сэргэж эхэлжээ. 2019 оны эхний хагаст Мексикт нийт 17,608 аллага гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 5.3 хувиар өссөн үзүүлэлт болсон юм.

Өнөөдөр 125 сая хүн амтай Мексик улсад өдөр бүр 100 орчим хүн алагдаж байна.

 

Эх сурвалж: Associated Press